УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар өнөөдөр (2017.08.11) Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахлагч Д.Лүндээжанцан энэ хурал дээр Улс орон даяар явагдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтийн санал асуулгын явц, мэдээллийн талаар танилцууллаа.
Д.Лүндээжанцан: Батлагдсанаасаа хойш 26 жилийн дараа өөрчлөлт орох гэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд ямар нэмэлтүүд орох вэ гэдэг асуудлыг улс даяар, ард түмэн хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгийнхан оролцсон байгаа. Энэ нь цаашаа үргэлжлээд бүх сум, багуудад, нийслэлийн бүх хороодод хэлэлцүүлэг явагдана.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаад бид баяртай байна. Нэмж тодотгох, санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ талаар хүмүүс саналаа идэвхтэй хэлж байгаад талархалтай байгаа. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тайлбар” гэдэг ном бэлтгэгдэж гарсан. Энэ ном хэлэлцүүлэгт оролцож байгаа болон зохион байгуулж байгаа хүмүүст очно.
ТӨСӨЛ:
Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй. Зөвлөлдөх санал асуулгаар хоёр асуудал дэмжигдээгүй. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгох, хоёрдугаарт хоёр шатлал бүхий парламенттай байх энэ хоёр асуудал. Ингээд хуулийнхаа хүрээнд бид нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн олон түмнээрээ хэлэлцүүлж байна. Энэ асуудал сүүлийн дөрвөн УИХ дамжиж яригдсан гэв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өгөх саналаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж болно
УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд олон нийтийн сүлжээгээр дамжуулан саналаа өгч болно хэмээн мэдэгдэв. Мөн иргэд саналаа Монгол шуудангаар дамжуулан УИХ-д ирүүлэх боломжтой гэнэ. Иргэд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан саналаа өгөх юм байна. Одоогоор 11 мянга 500 хүн энэ хуудасны талаар ойлголттой болсон гэдгээ лайк дарж мэдэгдсэн байна. Энэ хуудсаас Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлт дээр шинээр нэмэгдэж байгаа зүйл заалтын тайлбарыг авахаас гадна санал асуулгад оролцож, саналаа өгөх боломжтой аж.