УХТЭ-ийн Нүдний эмч Г.Төмөр “Хамгийн энгийн ойлгомжтойгоор тайлбарлавал, чихрийн шижин өвчин судсыг гэмтээдэг. Цусан дахь сахарын хэмжээ их байх тусам цусны урсцад саад учруулж, үүнийг дагаад судаснууд гэмтэж байдаг. Тэгэхээр ихэвчлэн олон судас дамжсан эрхтэн систем буюу тэр дундаа зүрх, бөөр, нүд зэрэгт хүндрэл үүсгэдэг.
Нүд бол маш нарийн судаснуудаар баялаг учраас тухайн судаснууд чихрийн шижингээс болж гэмтдэг. Өөрөөр хэлбэл, чихрийн шижингийн улмаас нүдний судсанд цус харвалтууд үүсэх, судасгүй газруудаараа судас ургах, хагарах эрсдэлтэй. Ингэхээр харааны бэрхшээлүүд үүсэж, улмаар сохрох эрсдэл бий болдог.
ДЭМБ тооцоогоор чихрийн шижинтэй гэж оношлогдсон гурван хүн тутмын нэгд нь нүдний хүндрэл бий болдог гэх тооцоо бий.
Ер нь чихрийн жишин өвчин оношлогдсон л бол 10 жилийн дараачаас эрхтэн системийн хүндрэл илэрдэг. Тиймээс иргэд эрүүл мэндийн боловсрол болон хяналтаа сайжруулахгүй бол хурдан хүндрэх эрсдэлтэй” гэв.