Манай улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засгийг томруулж, өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодрууллаа.
Тэрбээр “Манай улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг. УБТЗ-ын экспортын тээврийн захиалга жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2022 онд 48 сая тонн экспортын ачилт хийлгэх захиалга ирсэн. Жил тутам УБТЗ-ын экспортын захиалга өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан.
Өнөөдөр хөрш орнуудын төмөр замуудын хилийн хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд хоногт 14 галт тэрэг өгч байгаа ч экспортын захиалгыг хангахын тулд галт тэрэг солилцоог хоногт 20 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гэвч Эрээн өртөө хилийн хэлэлцээрийн дагуу 14-өөс илүү галт тэрэг хүлээн авах бололцоогүй байсан.
Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа энэ асуудлыг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хятадын төмөр замын удирдлагуудтай оны эхэнд уулзах үеэрээ Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны хариуд Хятадын тал Эрээн өртөөний боловсруулах хүчин чадлыг болон Эрээн-Жинингийн хоорондын нэвтрүүлэх чадварыг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн юм. Үүний дагуу Хятад нөхөд маань өнгөрсөн зунаас тус өртөөний өргөн болон нарийн царигийн галт тэрэг хүлээн авах явуулах замуудынхаа тоог нэмэгдүүлснээс гадна ялгалтын замуудаа галт тэрэг хүлээн авах явуулах дохиогоор тоноглож, шинээр замууд нэмж барьсан.
Мөн Эрээн–Жинин хооронд таван зөрлөг шинээр нэмж барьсан гэсэн мэдээ ирүүлсэн. Ингэснээр УБТЗ-ын экспортын ачилт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, боомтын сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжих сайхан боломж техникийн хувьд шийдэгдэж байна гэсэн үг. Одоо харин хөрш төмөр замуудтайгаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг албан ёсоор тохирох шаардлага тулгарч байна.
Тиймээс бид энэ сарын 22-ноос эхлэх Орос-Монгол-Хятад гурван улсын хилийн хэлэлцээрт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх саналаа хүргүүлээд байна. Хэрэв талууд хоногт 20 галт тэрэг солилцох шийдвэрт хүрч чадвал бид зүтгүүр, вагон зэрэг техникийн хүчин чадлаа бэхжүүлэх шаардлагатай болно” гэлээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН