Эх сурвалж: Монцамэ агентлаг
АНКАРА. /TASS/. Турк, ОХУ эрчим хүчний салбарт үндэсний валютаар харилцан төлбөр тооцоо хийх талаар зөвшилцөлд хүрчээ. Энэ тухай Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн сайд Фатих Донмез мягмар гарагт мэдэгдсэн байна.
“Орос улстай хийж буй манай худалдаа олон чиглэлд үргэлжилж байна. Эрчим хүч бол яах аргагүй хамгийн их зардалтай салбаруудын нэг боловч аялал жуулчлал, хоол хүнс зэрэг ч хамаатай. Хоёр улсын удирдагчид 5-6 жилийн турш үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх замыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Одоогоор энэ үйл явцыг улам хурдасгаж байна. Саяхан болсон бидний уулзалтын үеэр Оросын хийн төлбөрийг рублиэр хийх тохиролцоонд хүрсэн. Үүнтэй холбогдуулан мэдээж хэрэг техникийн зарим ажлыг дуусгах шаардлагатай байна” гэж тэрбээр “TRT” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Есдүгээр сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдогантой уулзахдаа Анкаратай Оросын хийн 25 хувийг рублиэр төлөх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн.
Үүнээс хэд хоногийн дараа Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн сайд Фатих Донмез мэдэгдэхдээ, Оросоос хий нийлүүлсний төлбөрийн 25 хувийг рублиэр хийх тухай гэрээ ойрын үед хэрэгжиж эхэлнэ гэжээ.
Хоёр улс Оросын байгалийн хийн төлбөрийн зарим хэсгийг рубльд шилжүүлсэн гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак 10 дугаар сарын 6-нд мэдэгдсэн байна.
1 comment
СЛАВА РОССИИ