Gogo.mn сайтын эдийн засгийн сэтгүүлч Б.Эрдэнэчимэг өчигдөр Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин дахин хойшлуулах нь ямар уршиг дагуулж байгаа тухай нийтлэл бэлтгэн олон нйитэд хүргэлээ. Тэрбээр нийтлэлдээ иргэдийн байр суурь, эдийн засагчийн байр суурийг багтаажээ.
Түүний нийтлэлээс иш татвал “…Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийт 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрх зээлтэй байна. Тэд 2020-2022 оныг дуустал нийт 978 тэрбум төгрөгийг банкуудад төлөх байсан ч төлөөгүй.
- 419 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр,
- 559 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм.
Ийм хэмжээний мөнгө банкуудад төвлөрч, банкууд олгосон ипотекийн зээлүүдээ багцлан МИК-т худалдаж, тэрхүү орлогоороо дараагийн зээлийг санхүүжүүлэх байв. Ипотекийн зээлийн санхүүжилтийг маш энгийнээр тайлбарлавал ийм бүтэцтэй. Гэвч 2017 оноос хойш жигдэрсэн энэ тогтолцоо 2020 оноос хойш доголдов.
Одоо зээлтэй байгаа 63 мянган өрх Засгийн газарт хандан, зээл төлөлтийг ЗУРГАА ДАХЬ удаа хойшлуулж өгөөч гэж хүсэлт гараагүй, албан ёсоор зохион байгуулалтад орж, гарын үсэг цуглуулж, шаардлага мэдэгдэл гаргаагүй. Гэвч Шадар сайдын хариултаас харвал Засгийн газар тэдэнд “хайр зарлан” өмнөөс нь шийдвэр гаргах гэж байна.
…2021 онд зээлийн эргэн төлөлт 80 хувиар буурсан байсан ч Төвбанк санхүүжилт гаргасан. Харин одоо инфляц талийж, төгрөгийн ханш унасан тул тэд дахин мөнгө хэвлэхгүй гэдгээ зарласан. Тэгэхээр ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс л дараагийн зээлүүдийг олгох гарц үлдэв. Уг нь зээлийн эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлсэн бол өдийд 7000 айл шинэ байранд орох байв.
Цар тахлын улмаас олон өрх, ААН-ийн орлого тасалдсан тус Засгийн газар, Монголбанк хугацаа хойшлуулах шийдвэрийг хамтран танилцуулж байв. Харин одоо эргэн төлөлтийг хойшлуулах шаардлага үнэхээр байна уу?
…Эдийн засагч Л.Лут-Очир “Ипотекийн зээл нийт зээлийн багцын 26 хувийг буюу багагүй хувийг эзэлдэг. Банкуудаа татаж унагая гээд байгаа юм уу? Популист хорлогчдын балаг багадаагүй. Ипотекийн зээл авсан олон мянган хүн ирэх оны долдугаар сард гэнэт мөнгөтэй болох юм уу? Үгүй шүү дээ. Харин ч нийтээр нь хорих буруу бодлогын үрээр орлого нь муудсан. ЖДҮ үндсэндээ хуримтлалгүй болсон. Тэглээ гээд 3.3 сая хүний амьдралд хамаатай банкуудаа муутгах шийдвэр гаргаж болохгүй. Зээлдэгчид төлбөрөө хийгээд дараагийн зээлдэгчид боломж өгөх ёстой. Нийгмийн аль нэг хэсгийг харж үзэх бодлого бусад олонх боломжийг хулгайлж байдаг юм”
Нийтлэлийн дэлгэрэнгүйг GOGO.MN сайтаас линк дээр дарж уншина уу!