Сүүлийн үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооны ард гарны оролцоотойгоор гар утсаараа ярих, видео дуудлага хийх, мессеж бичих, цахим мэдээлэлтэй танилцах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зөрчлийг байнга гаргах явдал маш их болсон талаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө санаа зовиндог хүн бүр хэлэх болсон.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Д-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглоно” гэж заасан байдаг. Энэ төрлийн зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.22-т “Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу шийтгэл хүлээлгэх хуулийн зохицуулалттай юм.
Энэ оны эхний 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан зөрчлөөр 24620 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулж, дахин хөдөлгөөнд оролцож явахдаа гарны оролцоотойгоор ашиглах гар утас ашиглахгүй байх талаар анхааруулж ажилласан байна.
Учир нь замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих, оролдох зэрэг нь жолоочийн анхаарлыг бууруулж, аюулгүй жолоодлого хийх, аливаа аюул саадыг урьдчилан харах боломжийг 80 хувь хүртэл бууруулж, шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоох үед шаардагддаг жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна.
Зам тээврийн осол гаргасан жолооч нар хэлэхдээ урдах тээврийн хэрэгсэл гэнэт зогссон тул араас нь мөргөсөн, энэ явган зорчигчийг би хараагүй, гэрэл дохио солигдохыг анзаараагүй, огт харагдаагүй, мэдээгүй, анзаараагүй гэсэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаануудын цаана жолооч аюул саадыг урьдчилан хараагүй нь байдал тогтоогдож байгаа нь жолоочийн анхаарал өөр зүйлд буюу өнөөдрийн та бидний байнгын хэрэглээ болсон жолооны ард гар утсаар ярих, мессеж бичих, сошиал орчинд мэдээлэл үзэх зэрэгтэй холбоотой байна. Учир нь жолооч ирсэн мессежийг шалгах дундаж хугацаан нь 4.6 секунд байдаг ба энэ хугацаанд таны автомашин жолоочийн ямар ч хяналтгүйгээр олон арван метр замыг туулсан байдаг. Тухайлбал:
Суурин газарт тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаар 60 км/цаг, суурин газрын гадна замд 80 км/цаг байдгийг жолооч бүр мэддэг боловч 60 км/ц хурдтай тээврийн хэрэгсэл 1 секундэд 16.6 метр, суурин газрын гадна замд 1 секундэд 22.2 метр газрын туулдаг. Гар утсаа оролдсон хором бүрт таны машин ямар жолоодлогогүй хөдөлгөөнд оролцож байдаг.
Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч таны зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Та жолоо барих үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй зүйлийг бүү ашигла, гэр бүл найз нөхөд, ажлаас залгасан тохиолдолд жолоо барьж байгаа үедээ гарны оролцоотойгоор гар утсаар ярихгүй байх, автомашинд ашигладаг зоориулалтын утасны суурь ашиглах, автомашины чанга яригчаар дамжуулан шаардлагатай тохиолдолд утсаар ярьж хэвших, харин мессеж бичих, цахим орчинд мэдээлэл үзэх зэрэг хөдөлгөөний үед аюултай анхаарал сарниулах үйлдэл гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.