Хилийн цаана байгаа болохоор зарим зүйл дээр хэлээ хазья гэж боддог юм. Харин энэ удаа зарим нэг ” заримдагуудад” үг дайя. Цахим хөгжлийн дэд сайд Болор-Эрдэнийн хэлсэн доромж үг олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Аргагүй юм, ард иргэд шаардлагыг хүлээж авах ч доромжлолыг хүлээж авахгүй. Өмнөх үеэ үгүйсгэдэг, өөрийн байр сууриа үнэн гэдэгтээ бат итгэдэг, бусдыг гутаан доромжилж кайф авдаг хэсэг бүлэг хүмүүс бий боллоо. Ийм хүмүүсийн томоохон төлөөллийн нэг нь Дэд сайд Болор- Эрдэнэ юм. (Албаар овгийн чинь эхний үсгийг бичсэнгүй, аав чинь чамаас ичиж байгаа байх).
Монгол Улсад амьдарч байгаа тэр дундаа 1960, 1970 аад онд төрсөн хүмүүс түүнийхээр бол хөгшид, ОХУ-д боловсрол эзэмшсэн үе үеийн сэхээтнүүд өнөө цагийн хөгжилд ихээхэн саад тотгор болж байгаа төдийгүй тэд үхэхэд гомдох зүйл алга гэжээ. Энэ бол доромж кейс. Тэр дундаа төрийн өндөр албан тушаал хашиж буй хүнээс гарч болохгүй үг. Учир нь гадаад ертөнц энэ хүний хэлсэн үг Монгол Улсыг төлөөлж байгаа учраас тэр юм.
Тэгвэл ийм кейсийн золиос болж яваа, болчихоод сэтгэл зүрхэндээ шарх авсан олон хүний төлөөллийг би мэднэ. Жишээ татъя. Дэлхийн шилдэг эмч нарын тоонд зүй ёсоор ордог, Зүрхний талаасаа Монгол талаасаа айргийн тавд багтдаг гавьяат эмчтэй уулзсан. Том эмч л дээ, мань мэт бараг хажууд нь суухаасаа эмээж яваа юм чинь. Эмч хэлсэн. Сүүлийн үеийн залуу эмч нар бид нарын үгийг тоохоо больсон, хүн эмчлэхдээ буруу эмчилдэг болчихсон. Бурууг нь хэлэхээр та хөгшин болсон, таны үе өнгөрсөн гээд нэг ч үг үлдээхгүйгээр доромжилдог гэж байсан. Уг нь бол тэр мундаг эмч тангарагтаа үнэнч үлдэж, хийж бүтээсэн ажлын туршлага, мэдлэг боловсролоо хуваалцах гэснийхээ төлөө ингэж хэлүүлсэн байдаг.
Сүүлийн үед бүх төрийн байгууллагын бүх шат шатанд дээд үеийнхнээ албаар гутаан доромжилдог, түүндээ хэзээ ч санаа зовдоггүй, ёс зүй нь шагайнд нь тулчихсан, элдэв дээдийн брэндээр энгэр заамаа чимсэн, гадаад үг хальт хэрэглэдгээ хэлтэй гэдгээ бодчихсон, бүсгүйчүүд нь тархиа биш, биеэ цэнэглэдэг болчихсон, зарим залуус уудаг архиа голж, унтдаг бүсгүйгээ муулдаг, фс дээр болохоор сүү шиг пост хийж, үнэ зодож авсан хоолоо гайхуулаастай хэсэг бүлэг үр могойнууд үржиж байна шүү.
Ийм үр могойг үржүүлдэг мөн л хэсэг бүлэг АМЬГҮЙ АЛБАТ -ууд төрөн бойжиж буй.
Өөрийнх нь үеийн нэг найз нь өндөр албан тушаалд томилогдонгуут үнэтэй виски, үнэтэй бэлэг барьж долоохын дээд хэлбэрт шилжиж буй. Албан тушаалд очингуут нь бүх хүмүүс найз болчихсон тууж явна. Ажилгүй болонгуут нь андаа гээд залгачих ухааны бядгүй.
Ийм албатуудын гүйцэтгэдэг үүрэг нь дарга найзыгаа мөнхөд өмөөрч, буруу зөв нь хамаагүй, үг дуугүй өмөөрөх, бусдыг хамтран доромжилж суух, дээд үеийнхэн үхээсэй тэ. Тэгвэл Монгол Улс яг хөгжих гээд байна гэж өчүүхэн тархиндаа үнэн голоосоо итгэчихсэн.
Яг үнэндээ энэ үгийг Дэд сайд Болор- Эрдэнэ үеийнхнийгээ төлөөлж хэллээ шүү.
Үүний ард бүтэн арми бий. Ёс зүй нь уландаа орчихсон. Тэдэнд айж эмээх, бусдыг энэрэн хайрлах сэтгэл зүрх байдаггүй юм билээ. Тэд өөрийн удирдлага дор ажилладаг доод албан тушаалтнуудтай яаж харьцдаг гээч.
Дарга ороод ирэх юм бол та дээшээ, доод ажилтан бол түүний харцаар хөдөлж хатавчинд суудаг юм. Доод ажилтны үр хүүхэд ч тэдний аяст багтана. Хүүхдээ гайгүй сургуульд оруулчих юм сан гэвэл та нар хүчрэхгүй, бяр чинь дутна гэдгийг ичгүүр сонжуургүйгээр хэлж чаддаг. Тийм ээ үнэн. Бид эгэл жирийн энгийн амьдралтай учраас дээдсүүдийн тойргийн гадна үлддэг. Гэсэн хэдий ч бид төрөөс хулгай хийхгүй, түмний хараал идэхгүйгээр амьдарч байна. Үүнээс илүүг харахгүй.
Өөр нэг кэйс. Энэ зуны явдал. Нэг төрийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг эмэгтэй нэг айлын найранд очжээ. Найр эхлэх үед дарга эмэгтэй хойморт сууж. Хажууд нь жолооч нь суучихаж. Тэгсэн чинь байдал бишдэж, дарга бүсгүй бөгсөө хаялаад, хялам цэхэм гээд болоод явчихаж. Учир юун. Жолооч даргынхаа хамт зэрэгцээд хойморт суухгүй, хатавчинд суух байсан байж. Хөөрхий тэр жолооч нь эрэгтэй хүн юм чинь рефлексээрээ сууснаас үүдэж донгодуулсан байдаг.
Өөр нэг кэйс. Бас нэг төрийн байгууллагын дарга эмэгтэй. Өөрөө нэгдүгээр гарын үсэг зурдаг бөгөөд хоёрдугаар гарын үсгээ үсэртэл нь алгадсан байдаг. Зүгээр л өөрийнх нь хүссэнээр хөдлөөгүй, хулгай хамтарч хийгээгүйн төлөө нягтлан шангаа хүртсэн хэрэг. Ийм маш олон баримт бий. Яваандаа үүнийг нэр устай нь нийтэлнэ. Яагаад гэвэл ийм гаж тогтолцоонд суурь тавьж байгаа “заримдагуудтай ” тооцоо бодох цаг болсон шүү.
ЯПОН УЛС.
ОСАКА ХОТ.
Сэтгүүлч В.Сарантуяа
2022.11. 07.