МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн 9-р сарын 9-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдаж, Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн бооцооны эзэн болсон. Харамсалтай нь энэхүү тэмцээний бооцооны 600 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүйгээс өрөнд орсон тухай тамирчин олон нийтэд мэдээлэв. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор өмгөөлөгч А.Пүрэвдулам хүсвэл үнэ төлбөргүй өмгөөлж өгөд бэлэн шүү гэдгээ илэрхийлээд байна.
Тэрбээр “Тамирчин хүний нөр их хөдөлмөр, итгэл найдварыг ингээд юу ч биш болгон доромжилж байгаа хүмүүс ичээсэй. Заавал тэр бооцооны гэрээ контракт байх алба ч үгүй. Хэлцлийг амаар болон бичгээр харилцан тохирч болдог. Харин тэр бооцооны мөнгө болон бусад амласан зүйлүүдээ өгөөгүй хүмүүс Цэндбаатарын нэрийг ашиглан Олон нийтэд бооцооны тухай зарласныг Монголын ард түмэн бүгд харсан. Итгэл эвдэх аргаар бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдчихсэн байх магадлал өндөр байна!!! Тамирчин хүний цөхөрч гомдсоныг хараад үнэхээр сэтгэл эмзэглэлээ. Хэрэв та хүсвэл өмгөөлөгчийн зүгээс үнэ төлбөргүй өмгөөлөхөд бэлэн шүү Цэндбаатараа” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
МУГТ Э.Цэндбаатарын ISEE.MN сайтад өгсөн тодруулгаас иш татая.
-Та халз тулааны бооцооны мөнгөө авсан уу. Халз тулалдсан З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Таныг авсан гээд мэдэгдээд байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бооцооны мөнгөө авсан бол энд гэр хороололдоо амьдрахгүй л байсан шүү дээ. Гэхдээ өгнө байх гэсэн хүлээлттэй л байж байна.
-Анхнаасаа бооцооны мөнгөө төвлөрүүлсэн байсан юм болов уу. Яагаад одоо болтол бооцооны мөнгийг өгөхгүй байгаа юм бол?
-Хоёр талаасаа итгэлцлээр тохиролцсон байсан юм. Миний талаас 300, Шинээгийн ах нарын талаас 300 сая гэж ярьсан. Тулаан гоё болж өнгөрсөн. Тухайн үед өөрийгөө харуулсан. Хэрэв мөнгөө авсан бол аль хэдийнээ АНУ руу дараагийнхаа тэмцээнд оролцохоор явах байсан. Тэмцээнд орсон биш өрөнд ороод л дууссан.
-Бооцооны мөнгөө авбал байр авна гэсэн зүйл ярьж байсан. Мөн хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж амлаж байсан тийм ээ?
-Тийм ээ. Ярьж байсан бүх зүйл замхарсан. Хүмүүс бүгдээрээ худлаа яриад байгаа юм чинь яах вэ дээ. Одоо хангалттай ш дээ.
-УИХ-ын гишүүд бас саяхан хэвлэлд өгсөн тодруулга ярилцлагадаа “Энэ хүүхэд гоншигноод байна. Бараг өгөхгүй, өгөх ч албатай биш гэх тайлбарыг өгсөн байсан. Та үүнийг үзсэн үү?
-Надад хамаагүй ээ. Өгнө үү, байна уу надад ерөөсөө хамаа алга. Ер нь бол би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа. Хөөрхөн хоёр охинтой. Би одоо зүгээр тайван баймаар байна. Зүгээр л би өөрийгөө хэн болохоо харуулсан. Үнэлнэ үү, байна уу надад хамаа алгаа. Надад бол зүгээр бодсон юм байгаа. Би нээх аймар юм яримааргүй байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://isee.mn/n/42537 сайтын линкээр орж үзнэ үү.