Цагдаагийн байгууллагад өчигдөр 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай хүү бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ЕБС-ийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч хүүг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа мэс ашиглан гэмтэл учруулсан байна.
Дээрх хэргийг одоогоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж аж.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.