Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021.07.08-ны өдрийн 128/ШШ2021/0467
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.02 Хураангуй-5
Иргэн Эрдэнээс “ … “Х” Банкны эрх хүлээн авагчаар ажилладаг намайг тус Банкны эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “Х” Банкны охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэж байгаа нь үндэслэлгүй, эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд буюу “Х” банк байх боломжтой, харин “Х” банкны хувьд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилогдсон банк тул түүнд эцсийн өмчлөгч байх боломжгүй” гэх зэрэг үндэслэлээр “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь иргэн байхаар хуульд заасан тул дээрх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Улсын Их Хурлаас баталсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар, бүх хуулийн этгээд өөрийн эцсийн өмчлөгчөө 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тавьсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар, дээрх хуульд заасан шаардлагын дагуу “Х” Банк дахь эрх хүлээн авагчаас “Х” Банк болон түүний охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргажээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ тус хоёр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард “нэг иргэн бүртгэв” гэж тус тус тэмдэглэн, “Х” Банк дахь эрх хүлээн авагчаар ажилладаг Э-ийг “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн байна.
Шүүх маргааныг хянан хэлэлцээд, эцсийн өмчлөгчийг бүртгэх олон улсын нийтлэг зарчим, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны тухай хуульд тус тус зааснаар эцсийн өмчлөгчөөр зөвхөн хувь хүнийг бүртгэх зохицуулалтай байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь үндэслэлтэй, мөн эрх хүлээн авагч томилогдсон Банкны тухайд ч энэ зарчим нэгэн адил үйлчилнэ гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/8095?daterange=2021-01-01%20-%202022-09-19&id=1&court_cat=3&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ