Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд “Засгийн газрын Авто бааз” ТӨҮГ-ыг ТӨААТҮГ болгон өөрчиллөө. Тус шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Д.Амарбаясгалан:
-Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрыг ТӨААТҮГ болгон өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Уг улсын төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтантай, улсын төсвөөс жилд 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчиллөө.
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн авто бааз нь дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ, орон нутгийн томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Төрийн хэмнэлтийн хууль үүгээр дуусахгүй. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын такси үйлчилгээ ашиглах эрх олгоно.
Нийтдээ 250 автомашиныг хураасан, ойрын хугацаанд 250 автомашины хураан төвлөрүүлнэ. Нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, эмнэлэг, онцгой, цагдаа, гааль, ХХЕГ зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулан тарааж өгнө.
Элэгдэл, хорогдол хэмжээндээ хүрсэн 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Нийт дуудлага худалдааны дүн 300 орчим сая төгрөгт хүрсэн байна. Орон нутгаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, үзлэг оношилгоо хийнэ. Орон нутагт 700 орчим автомашины хэрэгцээ шаардлага бий, тэдэнд шилжүүлэх юм.
1 comment
Үүн дээр бас Ерөнхийлөгч, ЕС, УИХ-н дарга нарыг өглөө орой ажилдаа ирж очиход зам хааж хэд хэдэн цагдаагийн машинаар хамгаалуулж явдагыг болиулах хэрэгтэй. Зардал хэмнэнэ, замын түгжээ гэх мэт олонд учруулах чирэгдэл багасна