Өнөөдөр Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан нь түүхэнд анхны тохиолдол болжээ.

Эхлээд Умард Солонгосын талын харвасан пуужин Өмнөд Солонгосын Сокчо хотын эргээс 60 хүрэхгүй километрийн зайтай тэнгисийн усанд туссан юм.

Үүнээс хойш гурван цагийн дараа Өмнөд Солонгосын тал гурван ширхэг агаар-газар ангиллын пуужинг нисэх онгоцноос хариу харвасан нь Умард Солонгосын эргээс мөн ойролцоо зайд тусжээ.

Хоёр Солонгосыг тусгаарладаг тэнгисийн хилийн шугам NLL (Northern Limit Line) байдаг ч үүнийг Умард Солонгосын дэглэм хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Өнөөдөр Умард Солонгос нийтдээ 10 пуужинг зүүн болон баруун тэнгисийн ус руу харвасны нэг нь дээрх хилийн шугамыг 26 км давж, Сокчо хотоос зүүн зүгт 57 км зайтай тэнгисийн усанд унасан байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл энэ үйлдлийг “газар нутагт нь халдсан явдал” гэж нэрлээд хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Энэ он гарсаар Умард Солонгосын дэглэм нийтдээ 50 гаруй пуужин туршаад байна. Тэдгээрийн нэг нь Японы арлуудыг давуулж харвасан баллистик пуужин байв.

Даваа гарагт АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг Өмнөд Солонгосын эрэгт ирж байрласан нь одоо үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын нэг хэсэг байлаа.

Өчигдөр Пёньяны эрх баригчид хэрвээ дээрх сургуулилалтаа зогсоохгүй бол “түүхэндээ хамгийн аймшигтай аюул” амсахыг АНУ, Өмнөд Солонгосын засгийн газруудад анхааруулж байв.

Үүнийг цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа гүйцэтгэх санааг илэрхийлсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. Умард Солонгос өмнө нь зургаан удаа цөмийн зэвсэг туршсаны хамгийн сүүлийнх нь 2017 онд болсон юм.

Тагнуулын мэдээллээр бол тус улс одоо ээлжит цөмийн зэвсгийн туршилтаа гүйцэтгэх бүх бэлтгэлийг хангаад байгаа ажээ. Сүүлийн үед Ким Жон Ун зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлсэн нь өөрийн цөмийн зэвсэгтэй улсын статусыг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь оноосон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: IKON.MN /BBC/

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн