Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд бямба гарагийн орой сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас 154 хүн амиа алдаж, 150 орчим хүн бэртэж гэмтсэн, харамсалтай хэрэг дэлхий нийтийг цочирдуулаад байна.
Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын албаны хүмүүсийн мэдээлснээр, 33 хүний биеийн байдал хүнд байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй байна. Бусад 116 хүн хөнгөн гэмтэл авсан гэж хэлжээ.
250 орчим хүн ор сураггүй алга болсон гэж мэдээлж байсан ч орон нутгийн цагаар ням гарагийн 14:00 цагт энэ тоо 3580 болсон тухай сошиалаар албан бус эх сурвалжийн мэдээллүүд цацагдаж эхлээд байсан юм. Харин Yonhap news агентлаг энэ талаар ямар нэгэн мэдээллийг одоогийн байдлаар цацаагүй байна.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор БНСУ-д 11 дүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна. Улмаар урлагийн тоглолт, арга хэмжээнүүд ар араасаа цуцлагдсаар байгаа аж. Тус хэрэг нь 2014 онд Сэворү усан онгоцны ослоос хойш тохиолдож буй хамгийн олон хүн амиа алдсан хар өдөр болж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэлийн Итаевон дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан олны дунд шахцалдаан үүсэж 153 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа.
АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН 22 НЬ ГАДААДЫН ИРГЭН
Өмнөд Солонгост сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас 154 хүн амиа алдсаны дотор гадаадын 26 иргэн байжээ. Нас барсан иргэдийн дунд монгол иргэн байхгүй талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлсэн байна.
Харин нэг иргэн тухайн бүсэд байсан талаараа өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд “БНСУ-ын цагдаагийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байна. Цаг тутам мэдээлэл авч байгаа. Хамгийн сүүлд 30 орчим минутын өмнө авсан мэдээллээр Монгол Улсын иргэн амь нас нь эрсдсэн эсвэл гэмтэл бэрхтэл авсан гэх мэдээлэл алга. Харин нэг иргэн Итаевон-д явж байгаад тус үйл явдал дээр очсон гэх мэдээллийг өөрийн цахим хуудсандаа оруулсан байсан. Сөүл дэхь ЭСЯ-наас тухайн иргэнтэй холбогдон тодруулахад “Тус мэдээлэл үнэн. Би их шахцалдаан дунд орсон. Гэхдээ биеийн байдал хэвийн байгаа” гэсэн байна лээ” гэв.
Гадны 26 хохирогчийн тоонд Ираны тав, Хятад, Оросын тус бүр дөрөв, АНУ-ын хоёр, Япон хоёр, Франц, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри-Ланкийн нэг иргэн байна гэж албаны хүмүүсийн мэдээллийг Yonhap news иш татан мэдээлсэн байна.
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН АРД ТҮМЭНД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Өмнөд Солонгосын нийслэлийн Итаевон дүүрэгт болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр “Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын иргэдийн нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна” хэмээжээ.
ОЛОН ХҮН АМИА АЛДСАНЫ ДИЙЛЭНХ НЬ 20 ГАРУЙ НАСНЫ ЗАЛУУЧУУД БАЙЖЭЭ
Итэвон дүүргийн нарийн гудамжинд үүссэн шахцалдааны улмаас олон хүн амиа алдсаны дийлэнх нь 20 гаруй насны залуучууд байжээ.
Юн Сок Ёл ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, “туйлын харамсалтай явдал болсныг цохон тэмдэглээд, бямба гарагт тохиосон шиг ийм эмгэнэлтэй явдал дахин хэзээ ч бүү гараасай” гэж мэдэгдсэн байна.
“Ард түмний амь нас, аюулгүй байдлыг хариуцдаг ерөнхийлөгчийн хувьд миний зүрх сэтгэл шимширч, эмгэнэн гашуудаж байна. Засгийн газар өнөөдрөөс эхлэн болсон хэрэг явдлыг бүрэн хяналтдаа авах хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлаж, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг эн тэргүүнд тавина” гэж хэлжээ.
Мөн Юн Сок Ёл нас барагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэнээс гадна Засгийн газар оршуулгад бэлдэх ажилд дэмжлэг үзүүлж, өвчтөнүүдийг эмчлэхэд яаралтай тусламжийн үйлчилгээг бүрэн дайчлах болно гэдгийг нэмж хэлсэн байна.
“Ослын шалтгааныг тогтоох, түүнтэй төстэй ослоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Иймд бид ослын шалтгааныг сайтар судалж, цаашид ийм төрлийн осол гаргахгүйн тулд зарчмын хувьд сайжруулах алхмуудыг хийнэ” гэж тэрбээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ.