Яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжавын “МОНГОЛЫН ХҮҮ ХЭН БОЛОВЧ ЭРЭЛХЭГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ” гарчигтай Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн тухай томоохон хэмжээний түүхэн нийтлэлийг ГАЛ сонин зохиогчийн эрхтэйгээр олон нийтэд хүргэсэн байна.
МОНГОЛЫН ХҮҮ ХЭН БОЛОВЧ ЭРЭЛХЭГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
УЛААН ХИЛЭН
Төрж буй үрдээ “Энэ чиний улс” гэж зүсэлж өгөх тусгаар тогтнолгүй байхын гасланг өнөөгийн бид амсаагүй. Үхэж буй өвгөддөө “Эргэж Монголдоо төрөөрэй” гэж зүүж өгөх эрх чөлөөгүй байхын гачланг бид эдлээгүй. Тэгвэл энэ зол жаргалыг өвөг дээдэс минь цусаа урсгаж, ясаа үйрүүлж байж бидэнд авчирч өгсөн юм. Төрөхөөс үхэх хүртлээ харийн дарлалд нухлуулж, элэг зүрх нь улсгүй хатаж, эх орон нь нэргүй зүдэхийг харах гашуун зовлонг тэд 200 жил амсаж эдэлсэн. Гэвч 1911 онд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тэмцэж олж авсан.
Монголын улаан хилэнг дүрэлзүүлээд өөрсдөө арчуулах дөхсөн Манж, Хятадын түүхийг эргэн дурсахад Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн гавьяа хамгийн тодоор товойн ялгардаг билээ. Манж гүрэн талын нэг тарсан монголчуудыг басамжлан доромжилж, дарлан тохуурхаж байсны нэгээхэн нотолгоо нь Халхын Чин Ван Ханддоржийг Бээжинд айлчлах үеэр хүүг нь хөнөөгөөд, гавлын ясанд нь идээ хийж барьж “Манжийг сөрвөл ийм болно” гэж сүрдүүлсэн явдал юм. Яг энэ үеэр Баргын занги Дамдинсүрэн Бээжинд хүрэлцэн ирэх таарчээ. Ханддорж Халхад нөлөөтэй, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг эрхэмлэдэг хүн байв. Ийм учраас Манжийн төрийн эрх баригчид монголчуудад сургамж өгөх зорилгоор түүний хүүг цаазалсан нь тэр.
Харин Дамдинсүрэнгийн хувьд амьдралынхаа 40 жилийг баргын тал нутагтаа өнгөрүүлж, бичээчээс занги хүртлээ дэвшиж чадсан гялалзсан ирээдүйтэй ноён байлаа. Гэвч тэр зон олныхоо аж амьдрал, жаргал зовлон, хүсэл эрмэлзлэлийг гүн мэдэрч, барга зон олноо харийн түрэмгийлэгчдийн ноёрхлоос ангижруулах цаг болсон гэж үзэж, энэ үйл хэргийн төлөө тэмцэхээр зориг шулуудсан үедээ Ханддоржтой тохиожээ. Тэд уулзаж, санаа бодлоо хуваалцтал үзэл зорилго яв цав нийлсэн байна. Тэд Манжийн төрийн сүр хүч бууран доройтож байгаа энэ түүхэн цаг үеийг ашиглан монголчууд бид эрх чөлөөгөө олж авах нь чухал хэмээн санал нэгджээ. Ингэж л Монголын бүх газар нутаг, овог ястнуудыг хамарсан үндэсний бослого, тэмцлийн галыг Ханддорж, Дамдинсүрэн хоёр асаасан гэхэд болно.
Тэд “Бидний монголчууд ширхэгийг нийлүүлж, түмэн жингийн хүндийг өргөх мэт бодлогоор хатуу зориг гаргаж, зэргээр хөдлөх цагийг хүлээе” гэж ярилцаж тохирчээ. Бээжинд чамгүй удахдаа Манжийн төрийн үнэн дүр төрх, хятад орны дотоод байдлыг сайтар тандан судалж, улмаар Монгол үндэстний цаашдын хувь заяаны талаар ихийг ярилцсан гэдэг. Дамдинсүрэн Бээжингээс нутагтаа буцаж ирсний дараа бослогод чармайн бэлтгэж эхэлжээ. Ингэхдээ тэрбээр бүх монгол угсаатан нэгдэн нийлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байлаа. Тиймдээ ч Халхын нэгэн ноёнд бичсэн захидалдаа “Уруул эвдэрвээс шүд цайхын адил нийт монголчуудын зовлон зүдгүүр нэг. Тиймд бүх монгол угсаатан нэгдэн Манжийн төрөөс салах ёстой” санааг илэрхийлсэн байдаг. Тэрбээр барга түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг нийт монгол үндэстний тэмцэл гэж ойлгож, энэхүү үйл хэргийн төлөө тууштай зүтгэхээр эрслэн боссон юм. Монголын улаан хилэн түрхрэн хүчээ авч, улмаар 1911 онд Манжийн дарлалыг ядах юмгүй түлхэн унагасан билээ.
ЦАГААН ЯС
Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн баргын Хүйцэлэг халын хүн юм. Баргууд овгоо “хал” хэмээнэ. Уг гарвал нь Чингис хааны удмын Гэрсэнз Жалайр хунтайжийн залгамж, боржигин овог, хиад ястай бөгөөд түүний дээд өвөг нь Халхын Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдоржийн хошуунаас Хөлөнбуйрт очсон ажээ.
Дамдинсүрэн багаасаа ах дүү нарынхаа дотроос түргэн зан, хатуу үг, чанга зориг, сэргэлэн ухаанаараа эрс ялгарч байсан гэх ба цэргийн эрдэм ухаанд ихэд сонирхолтой болж, байлдах дайлах арга ухаанд шамдан суралцжээ. Хэдийгээр тэр 40 насандаа бослого тэмцэлд шуударсан хэдий ч бага залуу наснаасаа л “Ард олныхоо төлөө амиа ер хайрлахгүй” гэж тангараг тавьсан байна. Тэр хэдийгээр Манжийн төрд алба залгуулдаг авч харийн түрэмгийлэгчдийг үнэн голоос үзэн ядаж, жигшин үздэг нэгэн болж төлөвшжээ.
Энэ нь түүний ясаа дээдлэх үзэлтэй холбоотой. “Төр улсын хэргийг амьд хүмүүс хөдөлгөдөг авч тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог юм” гэж тэр хэлсэн байдаг. Аливаа хүн үхэж үрэгдэвч үйл хэрэг нь мөнх оршдог гэсэн уриаг тэр амьдралаараа харуулсан билээ.
Түүний чин санаа зорилго бол Монгол үндэстнийг нэгдмэл, тусгаар тогтносон улс болгох байлаа. Өөрөөр хэлбэл, Ар, Өвөр Монгол, Барга улмаар Илийн зэрэг монголчуудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, туурга тусгаар нэгдсэн Монгол улс байгуулах үзэл санааны төлөө тууштай тэмцсэн. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэр их цэрэг хөдөлгөхөөс үл буцах ба хэнтэй ч байлдан тулалдахад бэлэн байсан юм.
Тэрбээр “Тангаргийн дуу” гэгчийг зохиож, дайн тулаанд мордохдоо дуулдаг байжээ.
“Арьсан дээлээ өмсөөд
Анжаа нь ингээд мордлоо доо
Ард олныхоо төлөө юм бол
Амиа ерөөс хайрлахгүй” хэмээн тэр дуунд өгүүлдэг. Түүнийг “Сүрэн жанжин”, “ойр дотныхон нь “Анжаа” хэмээн авгайлдаг. Амь хайрлахгүй зүтгэх гэх үгийг эрт эдүгээгийн төрийн зүтгэлтэн бүр л хэлдэг. Гэвч амьдралаараа, үхлээрээ үүнийгээ баталсан хүн хэд, хэчнээхэн билээ.
Манлай баатарын хувь зүэл бодолдоо тууштай үнэнч, бусдын нөлөөнд ордоггүй, аливаа асуудалд өөрийн гэсэн бодол, байр сууринаас ханддаг байсныг батлах баримт олон. “Би Хөлөнбуйрын ард түмний төлөө энэ амийг хайрлахгүй зүтгэмүй” гэж ямагт хэлдэг байсан ч амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд “Барга ба Өвөр Монголын ард түмнийг чөлөөлөх их цагийг би үзэхгүй нь” гэж халаглан харамсч байлаа даа. Гэвч Монголыг нэгтгэх ямар ч боломжгүй болсон нөхцөл байдлын дунд ч бууж өгөлгүй тэмцсээр байсан гайхалтай. Тэр юм л болбол Богд хаанд “Надад цэрэг өгвөл би түмэн газрын Цагаан хэрэм хүртэлх ах дүү нараа хар Хятадын аюулаас гэтэлгэн чөлөөлөөд ирье” хэмээн өчдөг байж. Ямар ч дайсантай тулахаас эмээдэггүй, цэрэг эрсийнхээ хүч чадал, ялалтад үнэнхүү бат итгэдэг, өөрөө ч ялагдахыг үзээгүй жанжин байсан нь маргаангүй билээ.
Дамдинсүрэн Засгийн газрын хуралдаан, Цэргийн яамны зөвлөгөөн дээр харийн дайсан халдаж болзошгүй байгаа, хил хязгаарт зэвсэгт тэмцэл хийх тухай ярилцахад хамгийн түрүүнд л “Монголынхоо тусгаар тогтнолын төлөө юм бол өвгөн барга нь явж л байя” гэдэг хүн байж.
Ахмад түүнч Г.Навааннамжил дуртадгалдаа “Манлайбаатарыг өмнө хязгаарын нэгэн байлдаанд мордох гэж байна гэхийг сонсч миний бие үдэж ёслохоор очиход хэлсэн нь “Энэ удаагийн дайн дайсны тоо олон, зэвсгээр хүчирхэг гэж хэлэлцэх юм. Гэвч хөгшин барга дайлаар очоод дарж ирэх нь магад” хэмээн ханиан хэлж байсан” хэмээжээ. Үнэхээр ч энэ үгэнд нь нэгээхэн ч худал, хуурмаг үгүй. Дамдинсүрэн дайлаар мордвол ямар боловч ялдаг байсан нь гажих аргагүй жам шахуу байж л дээ. Тийм л иртэй, идтэй жанжин байлаа…
Түүхэн нийтлэл цааш үргэлжилнэ… “Гал” сонин, “Гол тоглогч” номоос олж уншина биз ээ.
Төгсгөлийн хэсгээс сонирхуулахад “…Гамингууд Манлай баатар Дамдинсүрэнг 107 хоногийн туршид тасралтгүй эрүүдэн шүүж, тамлан тарчилгасан юм. Манлай ванг онцгойлон тамлах болсны шалтгаан нь тэрбээр хятадуудыг хамгийн ихээр эсэргүүцэж, мэдүүлэг өгөхөөс эрс татгалзаж, гав гинжтэй атлаа үл захирагдаж байсантай холбоотой. Гамингууд “Энэ монгол баатарын омог дарагдахыг үзье” гэж шүд зуун тамлаж байсан бол Дамдинсүрэн “Хар хятадуудад муугаа үзүүлэхгүй” гэж хөмхий зуун тэсч байлаа. Гамингуудын занал эцэстээ “Тамлаж байгаад алъя” гэдэг улайрал болж хувирчээ.
Ингээд хүнд хэцүү эрүү шүүлт, нэмээд архаг хууч өвчин сэдэрсний улмаас Манлай ван Ж.Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө насан өөд болов. Дамдинсүрэн шоронгийн шалан дээр амьсгал хураахын өмнө “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” гэж хэлэн шүдээ үйртэл зуун өндийж, босоогоороо амьсгал хураасан гэдэг ээ.
Маршал Х.Чойбалсан хожим түүний талаар “Би Манлай ван Дамдинсүрэнг дээр үеэс эхлэн танимой. Их эрс шударга хүн. Тэр гамингийн шоронд хоригдож байхдаа маш эрэлхэг, зоригтой, дайсанд бууж өгөхийг огт мэдэхгүй, эрс байж босоогоороо нөгчсөнийг тэр үед хамт хоригдож байсан Хатанбаатар Магсаржав, Жамъяан гүн абугай, мөн Жигмэддорж нарын хэлж байснаар гэрчилнэ” хэмээн дурсчээ.
Ийм баатар эр эрин зуунд нэг л төрнө. Баргын босоо ван Дамдинсүрэнгийн яс чөмгөн дээр өнөөгийн Монгол улс боссон юм. Үеийн үед үүрд дурсана.
Хэрэгтэй цагт эх орон дуудахад “Монголын хүү хэн боловч эрэлхэгээ үзүүлэх хэрэгтэй”…
Яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав
Зохиогчоос ямар нэгэн зөвшөөрл аваагүй болохоор нийтлэлийг энэ хүргээд өндөрлөе. Нийтлэл хүн бүр уншаад ойлгохоор энгийн үг хэллэгтэй болохоор сонирхол татаж байлаа. Олон нийт үүнийг олоод уншчихад гэмтгүй мэт. Түүхийг ийм энгийнээр, сонирхолтойгоор бичиж болдог юм байна. Уншигчдийнхаа оюунд ийм сайхан түүхэн нийтлэлийг хүргэсэн Яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав Танд талархъя.
Уншигч та бүхэн “МОНГОЛЫН ХҮҮ ХЭН БОЛОВЧ ЭРЭЛХЭГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ” түүхэн нийтлэлийг ГОЛ ТОГЛОГЧ ном, Эсвэл ГАЛ сонины 2022.07 дугаар сарын 05/005/ дугаараас олж уншиж болох юм.
Уншихад залхуу хүрээд залхаад байхааргүй, сонирхолтой бөгөөд уншихад ч хялбар юм билээ.