Дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай хамтран дуулж, уран бүтээлээ хөдөө орон нутгийн үзэгч олондоо хүргэж байгаа билээ. Тэд ирэх 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийхээр төлөвлөөд буй. Гэтэл тэдний тоглолтын постерыг сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн цахим хуудаснаа шүүмжилсэн ба дуучин В.Баттулга энэ асуудалд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, орон нутгийг тоглолтоо цуцлах шийдвэр гаргаж байгаа талаараа мэдээлсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан UBN.mn сайт дуучин В.Баттулгатай ярилцсан байна. Тэрбээр Би тэсрэлт хийх гэж албаар энэ постерыг оруулсан юм. Янз бүрийн сэтгэгдэл орж ирнэ гэдгийг мэдэж байсан ч ийм муухай сэтгэгдэл орж ирнэ гэж бодоогүй хэмээн ярьжээ.
Дуучин В.Баттулга:
-Би охинтойгоо хамт дуулахыг хоёр өнцгөөр боддог юм. Манайхан аав нь залуу байх ёстой гэх өнцгөөр харж байна. Ийм зүйл хэзээ ч байхгүй. Аав охин гэхээрээ мөн нийтийн дуучид гэхээрээ л заавал уул усны хажууд, дээл малгай өмсөөд зураг авахуулах ёстой юм уу. Үгүй. Бид хоёрын дуулж байгаа дуунууд нийтийн гэхээсээ илүү рок поп руу чиглэж байгаа.
“Тэсрэлт хийнэ” гэдэг үгээр маш гоё тоглолт хийхээ илэрхийлсэн юм. Энэ постер зураг ч хоёр, гурван жилийн өмнө авахуулсан зураг. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тоглогдох тоглолтын маань үндсэн постер зураг биш. Тоглолтын нэр, постер зураг, шторкууд огт өөрөөр хийгдэнэ. Энэ постер нь маркетингийн маань жижигхэн хэсэг. Би тэсрэлт хийх гэж албаар энэ постерыг оруулсан юм. Янз бүрийн сэтгэгдэл орж ирнэ гэдгийг мэдэж байсан ч ийм муухай сэтгэгдэл орж ирнэ гэж бодоогүй.
Гэтэл бүхэл бүтэн сэтгүүлч хүн байж энэ зургийг өлгөж аваад хэт муухай үгсийг бичиж, нийгэмд өөр хандлага төрүүлж байгаад нь маш их гомдолтой байна. Миний хувьд хөл хүрэх газраа хүртэл явна гэж бодож байна. Магадгүй сэтгүүлч Х.Уламбаяр надад энэ постерын өнцөг ингэж харагдаж байна гэдгийг шүүмж хэлбэрээр хэлсэн бол түүнийг нь хүлээж авна. Гэвч түүний илэрхийлэмж нь маш буруу байлаа. “Виагра” гэдэг үг хэрэглэсэн байна лээ.
Би өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа хүн. Охины минь нэр хүндэд халдаж, бидний сэтгэл санаанд хүнд цохилт өглөө.