Л.Оюун-Эрдэнэ: Одоо шүүхийг л харж байна, та нар ч бас нүд цавчилгүй хараарай

“…АТГ-аас прокурорт, прокуророос шүүхэд шилжлээ” гэсэн мэдээлэл тасардаггүй хэдэн том хэрэг бий. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэргийг дурдаж болно. Тэгсэн хэрнээ эдгээр хэргийг хэн, хаана гацаагаад байдаг нь тодорхойгүй. Хууль хяналтынхан ч нарийн мэдээлэл өгөхөөс аль болох зайлсхийдэг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ийм хэргүүдийн талаарх асуудлыг хөндсөн байна. Тэрбээр баасан гарагт  буюу энэ сарын 19-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр дээрх хэргүүдтэй холбоотой нэр бүхий том компаниудын ТУЗ-дөө мэдэгдэлгүйгээр Засгийн газрын тогтоолоор томоохон дүнтэй зээл хуй, хөрөнгө оруулалтыг шууд шийддэг байсан баримт бичгүүд, одоог хүртэл нийтийн эрх ашгийг илтэд зөрчиж, нууцалж ирсэн элдвийн гэрээ сэлтийг ил болгох чиглэлийг өгчээ.

Мөн маргааш нь буюу 20-ны бямба гаригт Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзжээ. Уулзалтад 30 гаруй хүн очсон байна.

Тэр үеэр Ерөнхий сайд “…Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэсэн байна.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн