“2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Гуравдугаар улирлын буюу 7, 8, 9 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын бүртгэл аравдугаар сарын 8-ны өдөр хаагдсан билээ.
Энэ оны хоёрдугаар улиралд 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ 2% байгаа. Энэхүү хувийг нэмэхгүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Харин татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр орлогоо нэмэх боломжийг НӨАТ болон сугалааны урамшуулал бүрдүүлж байгаа хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хэлж байв.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.