-Гавьяат эмч эмнэлэг дээр архидаж, бөөлжиж хоносон асуудал гарсан. Өөр ч ноцтой зүйлс бий-
“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Ж.Энхцэцэг гэдэг хүнийг тойрсон асуудал өнгөрсөн өдрүүдэд тал талаас нь яригдлаа. Талууд бие биеэ өмөөрч олон ч асуудлыг ил болгож байна. Эцсийн дүндээ эх, хүүхдийн асуудал дээрдсэн үү гэдэг гол агуулгыг бид анхаарах ёстой. Та ажилласан хугацаандаа энэ тал дээр ямар ахиц гаргаснаа дүгнэж үзэв үү?
-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг айл гэрээс эхлээд улс орны хамгийн чухал зорилго.
Амаржих газар гэдэг нэрнээсээ, зорилгоосоо ч энэ агуулга харагдаж байгаа. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Эх барих эмэгтэйчүүдийн улсын зөвлөгөөн болсон юм. Энэ үеэр амаржих газруудыг үйл ажиллагааны үр дүнгээр нь байр эзлүүлэхэд Өргөө амаржих газар (Хатуу юм цохив. Эмч нар эхийн эндэгдлийг ярихад ингэдэг гэнэ) эхийн эндэгдэлгүй гарсан. Маш сайхан мэдээ. Эхийн эндэгдэл гэдэг улс орны хөгжлийн үзүүлэлт.
Жишээ нь, Филиппин улсад эмч нар очихоор “Энэ улс 100 сая хүн амтай юм байна. Эхийн эндэгдэл хэд вэ” гэж тооцоолж байгаад “Манай улсаас хөгжилтэй юм байна” гэж үздэг тухай багш нар маань заадаг байсан. Хоёр дахь нь ураг нярайн эндэгдэл. Манайх энэ тал дээр улсын дунджаас гурав дахин бага гарсан. Энэ үзүүлэлт манай хамт олны үйл ажиллагааны үр дүн. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил энэ рүү л чиглэж ирсэн.
-Тодорхой жишээ ярихгүй юу?
-Эх тухтай газар төрөх хамгийн чухал. Хамгийн түрүүнд төрөх тасагтаа засвар хийсэн. Гэхдээ эмнэлгийн санхүүжилтээр биш, хувийн байгууллагуудыг гуйхыг нь гуйж, санал тавихыг нь тавина. Заримдаа хүмүүс “Аав минь өнгөрчихлөө. Буян хийх юм сан” гэж орж ирдэг.
Олон хүн төрдөг газар бурхан болоочийнх хүрд эргэдэг гэж бэлгэшээдэг юм байна. Тэр бүрд “Төрөх өрөөг минь засаад өгөөч” л гэдэг. Жилд манайд 8,000-10,000 эх төрж байна. Тэд бүгд төрөх өрөөгөөр дамжина шүү дээ. Тиймээс эхчүүдийн төрөх орчин тухтай, сайхан байх ёстой.
Төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтыг харахад манайх ганцаар 400 сая төгрөг байхад бусад нь тэрбумаар ярьдаг
Дараагийн хийсэн ажил бол хүлээн авах. Намайг ажил авч байхад манай хүлээн авах дөрвөн тал руугаа харчихсан байлаа. Нэг эхийн ус гарлаа гэхэд түргэн дуудахгүй. Нөхөр аваад л давхиад ирдэг. Аль ойрхон хаалган дээр ирэхэд л нойрмог сувилагч гарч ирээд л “Энэ биш ээ. Нөгөө хаалга” гэхэд усаа гоожуулаад тойроод гүйнэ шүү дээ. Тийм нөхцөл маш хэцүү. Тиймээс эмнэлгийн зүүн тийшээ харсан нэгдсэн хүлээн авахтай болсон.
Би хүмүүсийг л чирэгдүүлэхгүй юм сан гэж боддог. Манай амаржих газар хамгийн муу барилгатай. Төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтыг харахад манайх ганцаар 400 сая төгрөг байхад бусад нь тэрбумаар ярьдаг. Тэглээ гээд гомдоллох шаардлагагүй.
Тиймээс байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд ажил өрнүүлэх нь илүү үр дүнтэй. Үүний нэг бол яах вэ та жижиг асуудал гэж харж болох ч эхчүүдийн хувьд, бидний хувьд чухал зүйлийн нэг бол бие засах суултуур юм. “Ийм болгоё” хөдөлгөөнийхөн Германы ЭСЯ-тай хамтран манайд жирэмсэн эхэд зориулсан нэг ширхэг суултуур тавьж өгсөн юм.
Жирэмсэн эхчүүд бие засна гэдэг ямар билээ. Тэр бол супер суултуур л даа. Түүний зургийг ээжүүд аваад л “Нэгдүгээр төрөх гоё болчхож” гээд байдаг юм. Тиймээс “Таванбогд” компанитай ярилцаж байгаад ийм 21 суултууртай болох 500 сая төгрөгийн гэрээ хийсэн юм. Тэд бас дээр нь тэд хүүхэд гэртээ гардаг хэсгийг засаж өгье гэж байсан юм.
Яах вэ, олон ажил маань дутуу орхигдоод гарч байна. Ингээд ухаанаараа үйлчлүүлэгчид тухтай сайхан байгаасай гэж бодсон хэрэг. Ганц жорлон хүмүүст ямар их сайхан мэдрэмж төрүүлж байна. 21 нэмэгдчихвэл ямар сайхан болох вэ.
-Нээрээ л жирэмсэн эх бие засахаас эхлээд эмнэлгийн орчин ямар байх нь маш чухал л даа?
-Дээр нь тэд чинь эзэнгүйдчихдэг дээ. Эмч нь ирж үзэхгүй, сувилагч, асрагч нь ч таг болчихдог. Дуудвал уурлачих болов уу гээд л бөмбөгнөдөг. Энэ асуудлыг бас шийдэж чадсан. Намайг ирэхэд асрагч нь хоол зөөхөд дансаа өгдөг тухай ярьдаг л байсан. Тиймээс “Юнител” компанид “Манай эмнэлгийг хүчтэй интернэтээр хангаад өгөөч” гэсэн хүсэлт гаргасан юм. Мэдээж эмнэлгээс үүнийг санхүүжүүлэх хүнд шүү дээ. “Юнител” компани ч маш сайхан хүлээн авч, шуурхай шийдэж өгсөн.
Ингээд ор болгоны хажууд QR кодтой болсон. Үйлчлүүлэгч тэр кодыг уншуулаад л тусламж авах боломжтой. Эсвэл санал гомдлоо хэлж болно. Энэ нь эмч нарын дургүйг их хүргэсэн л дээ.
-Яагаад тэр вэ?
-Эмч нарын утас, мэдээллийг өрөө бүрд тавьчихсан. Ингэхээр Энхцэцэг дарга чангалаад байна гээд байгаа. Хүмүүсийг загнаж зандрахдаа биш үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхээр л эмч нарын эрхийг хөндөөд байсан хэрэг.
Тасаг бүрд эмч нарын нэрийг бичдэг болтол эмч нар бичүүлэхгүй гэнэ. Утсыг нь тавихаар ээжүүд залгаад байна гэж дургүйцсэн. Ямартаа ч одоо эмч нарын утас нь ч байгаа, QR код нь ч байгаа. Үйлчлүүлэгчид эзэнгүйдэхээ больсон. Энэ үйлдэл маань бас тэдэнд хатуу харагдсан.
Одоо дээр нь сэргээн засах тасаг нээх гээд ЭМЯ-аас манайд 30 орны зөвшөөрөл ирээд байсан. Сэргээн засах гэхээр манайд настай хүний үе мөч өвдөхөд, эсвэл гэмтсэн тохиолдолд түүнийг сэргээн засах тухай л ойлгодог.
Би салбартаа гарч байгаа шинэ үйлчилгээ, эмчилгээг үргэлж эрэлхийлж байдаг. Нэг удаа олон улсын эх барихын сэргээн засах тухай мэдээлэл уншдаг юм байна. Эх барихын сэргээн засах эмчилгээ бол Монголд хөгжөөгүй, үүнийг эхлүүлмээр байгаа тухай ЭМЯ-нд танилцуулсан. Энэ ажил маань эхлээд байв.
Хүмүүсийг загнаж зандрахдаа биш үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхээр л эмч нарын эрхийг хөндөөд байсан хэрэг
Нөгөө талаар эмч нар гүйцэтгэлээрээ цалинждаг болсон шүү дээ. Манайх 400 орчим хүний орон тоотой. Тэр хүмүүсээ би цалинжуулмаар байдаг. Элдэв юм сэтгэх ёстой болно биз дээ. Тэр үед саажилттай хүүхдүүдийн ээжүүд жагссан. Та нар санаж байгаа байх. Түүнийг хараад 24 цагийн үйлчилгээтэй нярайн амбулатори нээсэн. Маш гоё. Шөнө нярай өвдлөө гэхэд манай дээр ирээд шарлалтаа үзүүлээд л шаардлагатай бол хэвтэнэ, шаардлагагүй бол эмчилгээ бичүүлээд буцна. Энэ үйлчилгээг нээхэд гүйцэтгэлээр санхүүждэг даатгалын мөнгө ч арвин болсон. Шарлалтаас үүдэж ирээдүйд үүсэж болох эрсдэл ч тодорхой хэмжээгээр багассан болов уу гэж итгэдэг.
Хуучин бол төсвийн байгууллага байхад ирсэн мөнгийг хуваагаад өгчихдөг байлаа шүү дээ. Би гурван хүн төрүүлсэн ч, гуч төрүүлсэн ч адилхан цалин авдаг. Гэтэл одоо бол хүмүүсийг ажиллуулах ёстой болно доо. Их ажил хийсэнд нь их цалин өгөх шаардлагатай. Өрөөндөө зүгээр суугаад сурчихсан хүмүүс яах вэ. Бухимдана.
-Тийм эмч нар байдаг гэж үү?
-Байлгүй яах вэ. Үүнийг тоолно, үүнийг дүгнэнэ гээд үр дүн нэхсэн. Та юу хийснээ тайлагна, тэгж байж таны цалинг нэмнэ. Төрийн үйлчилгээний байгууллагад хэвшчихсэн, байх ёстой төлөвлөгөө тайлан дүн биелэлт манай дээр маш дутуу дулимаг байсан. Эмч нар би эмчлэхээ л мэднэ, өөр зүйл мэдэхгүй, хийхгүй гэдэг.
Ер нь байгууллага төлөвлөхгүйгээр явахгүй шүү дээ. Энэ долоо хоногт, энэ сард юу хийх вэ гээд төлөвлөх гэхээр манай эмч нар зав байхгүй гэдэг. Ийм л хүмүүс дунд ажиллаж ирлээ.
-За олны анхааралд өртөөд байгаа ганц хоёр зүйлийг тодруулмаар байна. Тэр бичлэг дээр та “Дэвтэр биш жирэмсэн ээж үүрэг хүлээлц” гэсэн агуулгыг шаардаж харагдсан. Яг юунаас болоод тийм асуудал яригдсан юм бэ?
-Тэр бичлэг чинь намайг баатар болгочхоод байна шүү дээ(инээв).
Би эмч нарын үйл ажиллагааг шалгахдаа даргыг дууддаггүй. Үйлчлүүлэгч рүү л орчихдог. Өглөө болгон 2-3 тасаг руу орж үздэг зуршилтай. Тэнд л нүүрээ ч будаагүй оригоороо эхчүүд сууж байдаг юм. Тэнд дарга, цэрэг байх хамаагүй. Дээр үед багш маань хэлж байсан юм. Чи хүний хөлийг бариад авбал бие нь өвдсөн ямар ч хүний сэтгэл сайхан болдог гэж байсан удаатай. Тиймээс би нярайлчхаад хэвтэж байгаа ээжийн гарнаас нь бариад, хөлийг нь илж ойр байгаагаа харуулдаг. Энэ бол сэтгэлийн хандлага шүү дээ.
Нэг өглөө тасаг руу ортол нэг үйлчлүүлэгч “Би шөнөжин өвдлөө. Эмч, сувилагч хайгаад олсонгүй. Шатан дээр шөнөжин суулаа” гэж уйлаад, царай алдчихсан сууж байсан. Тэгээд л албаны дарга нараа дуудаад “Хүнээ хүлээлцээч, ээлжээ хүлээлцээч” гэж шаардлага тавьсан.
-Та бичлэгийг хийж байгааг анзаарсан уу?
-Яалаа гэж дээ. Тийм зүйл анзаарах ч сөхөө байгаагүй. Надад тэр эх л чухал байсан. Харамсалтай нь хамтран зүтгэж байгаа эмч нар маань тийм ёс зүйгүй үйлдэл хийгээд зогсож байна гэж яаж санах билээ.
Ямартаа ч тэр эхийг шуурхай хагалгаанд оруулсан. Хэрэв дахиад жаахан цаг алдсан бол тэр ээжийн ураг амьгүй болно, умай ч үгүй болох байсан. Би тэгж л эмч нараа дүгнэдэг. Энэ нь эмч нарт таалагдаагүй. Энэ маань муухай зан биш байх гэж бодож байна. Гэхдээ бүх эмч нар тийм биш. Ер нь манай эмнэлэг маш гоё болсон шүү дээ.
Гол нь нэг зовлон бий. Би өөрөө мэргэжлийн хүн учраас эмч ямар эмчилгээ үйлчилгээ хийснийг хараад л мэддэг. Тэгээд л чи мэдлэггүй байна шүү дээ, чи ном уншаач гэж шаардлага тавьдаг учраас чанга болж цоллогдоод байгаа юм. Нэг ч ургийг амьд байлгахын тулд, нэг ч гэсэн эхийн умай савыг нь хэвээр үлдээх нь эмч нарын өргөсөн тангаргийн үр дүн шүү дээ.
Үргэлжлэлийг DNN.MN цахим хуудаснаас хүлээн авч уншина уу.
Эх сурвалж: Өдрийн сонин