НӨАТ-ын сугалааг тавдугаар сард зогсоож, энэ сараас дахин эхлүүлэхээр болсон. Учир нь сугалааг зогсоосноор и-баримт бүртгэлт хоёр дахин багассан гэх судалгаа гарчээ. Тиймээс сугалааг дахин эхлүүлэхээр болж, шинэчилсэн хувилбараар азтанг тодруулахаар болсон. Шинэчлэгдсэн сугалааны анхны тохирлыг энэ сарын 12-ны 13:00 цагт Улсын их дэлгүүрт явуулахаар болжээ.
Өмнө нь дэлгүүрийн кассаас хэвлэгдэж гарсан бүх баримт сугалааны тохиролд оролцож байсан бол шинэчилсэн хувилбараар зөвхөн и-баримт аппликейшнд бүртгүүлсэн баримтууд оролцох юм. Ингэснээр супер азтан тодрохгүй олон сар үргэлжлэх, цөөн тохиолдолд азтан болдог байдал арилах аж.
Сугалааны тохирлыг арын орноос нь эхлэн тодруулна.
Ингэхдээ:
-Сүүлийн хоёр орон таарсан тохиолдолд хонжворгүй
-Гурван орон таарвал 30 мянга
-Дөрвөн орон таарвал 100 мянга
-Таван орон таарвал 500 мянга
-Зургаан орон таарвал 1.5 сая
-Долоон орон таарвал гурван сая
-Найман орон таарвал 10 сая төгрөгийн азтан болох юм.
Түүнчлэн азтан болоход иргэний бүртгүүлсэн баримтын тоо хамааралтай. Ингэхдээ 1-10 баримт бүртгүүлсэн бол бага мөнгө хожих, 11-50 баримт бүртгүүлсэн бол арай илүү мөнгө хожих, 50-аас дээш баримт бүртгүүлсэн бол супер азтан болоход илүү дөхөм байхаар шинэчилсэн байна.