ОХУ-ын жолооч “Вольво” машинаар замын хар тос ачиж яваад осолдож, нас баржээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т Шаамар гурав хэмээх газарт “Вольво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг аравдугаар сарын 3-ны өдрийн 17:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км зам туулан 17:52 цагт очсон байна.
ОХУ-аас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд 26 тн замын хар тос тээвэрлэж явсан “Вольво” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, ОХУ-ын иргэн жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.