Сангийн яам албан ёсны хуудсаараа НӨАТ-ын баримтын бүртгэлтэй холбоотой видео реклам цацагдсан. Реклам олон нийтэд ойлгогдоогүйн дээр нэлээн шүүмжлэл дагуулсан. Яг үүнтэй давхцан ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн асуудал олны анхаарлын төв байсан учраас энэ дүйвээнээр Сангийн яамныхан цахим хуудснаасаа “өлөн хүн баримт уншуулдаг” гэх агуулга бүхий рекламаа устгасан билээ.
Сангийн яам өөрийн албан ёсны цахим хуудсаараа цацсан уг реклам нь,
- ТҮК-ийн ажилтан бол ядуу хүн гэх ойлголтыг өгсөн
- Ядарсан хүнд НӨАТ-ын баримтаа өгч, сугалааны азтан болгоорой
- НӨАТ-ын баримт уншуулдаг хүн “өлөн”
- ТҮК-ийн төрийн албан хаагчийг И баримтаас мөнгө хожоод халтуурчин бол.. гэх санаанууд цухалзаж байсан.
Ямартай ч Сангийн яамны албан ёсны хуудсаар цацагдсан уг рекламанд ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан. НӨАТ-ын баримтаа уншуулдаг хүмүүс “өлөн зантай” гэх мэт доромжилсон агуулга байсан учраас олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. Сангийн яам сөрөг хандлага агуулсан, иргэдээ доромжилсон агуулгатай рекламныхаа хариуцлагыг студэд тохоод өнгөрөх санаатай байгаа бололтой. Энэ нь салбарын сайдын санаанаас цухалзаж байна билээ.
Б.Жавхлан сайд “Тухайн бичлэгийг үзээд даруй зогсоосон. Удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Манай залуус үүнийг зохион байгуулсан. Үзтэл алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг багтсан байна лээ. Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл нь санаанд хүрээгүй учраас төлбөрийн асуудал байхгүй” гэжээ.
Түүний тайлбар ажил албандаа хайхрамжгүй ханддагийн нэгэн тод жишээ. Гүйцэтгэл санаанд нь хүрээгүй учраас төлбөрийн асуудал байхгүй гэж гал унтраасан тайлбар хийжээ. Санаанд хүрээгүй гүйцэтгэлийг олон нийтэд хүргэнэ гэдэг бол эрхэм сайд ажлаа хийж чадаагүйн баталгаа.
Сайдын тайлбарыг би бодохдоо: “Б.Жавхлангийн залуус-НӨАТ-ын баримт сурталчилахаар студэд хандаад “та нар реклам хийчих” гэсэн бололтой юм. Тэгсэн нөгөө студи захиалагчаас ямар нэгэн агуулга, санаа авахгүйгээр шууд л өөрсдөө “бүр нэг дураараа” зохиол бичээд, найруулаад, бүр жүжигчин хөлслөөд тоглуулаад реклам хийгээд тэрийгээ яамны холбогдох албан тушаалтнуудад ч үзүүлэхгүйгээр Сангийн яамны пэйжаар цацаад, олон түмнийг бухимдуулсан байхыг Б.Жавхлан сайд үзээд таалагдахгүй болохоор нь даруй зогсоосон юм шиг байгаа юм.
Эрхэм сайд гэнэт ухаараад үзсэн чинь алдаатай, бас ёс зүйгүй үг багтаачихсан. Тиймээс Б.Жавхлан сайдын санаанд найруулга, зохиол нь хүрээгүй, гүйцэтгэл нь санаанд нь хүрээгүй учраас төлбөр “обсо” болж л дээ”.
Сангийн яамны рекламыг хийсэн студи жүжигчин хөлсөлсөн л байх даа гэж санаа ч зовох шиг. Бас НӨАТ төлөгчдийг доромжилдог тэр студи ямар газар юм бол гэж эгдүү ч хүрэх шиг. Санаа зовж, эгдүүцэх ч яахав. Хамгийн гол нь Б.Жавхлан сайд тайлбараараа өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлчихлээ.
Эрхэм сайд аа. Тайлбар таныг алдаа дутагдлаа аргалаад сурчихсан, зальжин, худал, хуурмаг тайлбарыг ичихгүйгээр хийж чадах ширэн нүүртэй, ёс суртахуунгүй, хариуцлагагүй, ажил албандаа эмх цэгцгүй, нягт нямбай ажиллагаагүй, салан баавгай шиг гэж илэрхийлээд байна.
Төрийн түшээ хүнд эмх цэгц, нягт нямбай ажиллагаа, үнэнч шударга зан чанар ус агаар шиг чухал гэдгийг эрхэм сайд та ухамсарлана биз ээ.
Тэгээд ч татвар төлөгч бидний мөнгөөр Сангийн яам ямар төсөвтэй реклам хийлгэж, цацах гэж байснаа мэдээлэх үүрэгтэй гэж бодож байна. Сангийн сайд студи буруутгаад өнгөрөх биш, тухайн рекламыг тойрсон асуудлаар нээлттэй мэдээллийг бидэнд өгнө үү.
Н.ЧИНЗОРИГ