“Өдрийн сонин”-ы арын нүүрэн их аятайхан нэгийг богдуулж, хоёрыг тунгаалгасан богинохон бичвэр ордог. Сонин захиалан уншдаг хүн бүр мэдэх биз. Тэр бичвэрийг л хамгийн түрүүнд унших дуртай хүний нэг нь би.
П.Хашчулуун сэтгүүлч “Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул” гэсэн гарчигтай бичвэр орсныг уншигч та бүхэнд сонирхуулъя.
Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул
“Би өөдрөг байх ёстой” энэ үгийг өрх гэрийн тэргүүн бүхэн өөртөө хэлэх цаг ирсэн юм шиг байна. Бид л пээдгэр, өөртөө итгэлтэй ажиллаж амьдрахгүй бол цаад муусайн эхнэр хүүхдүүд чинь нервээ дийлэхгүй нь. Монголын нийгэм, Улаанбаатар хот гэж хаашаа л харна хар яр гэсэн хүмүүсээр дүүрлээ.
Ихэнх нь эмэгтэйчүүд минь харагдах. Ингэж эмэгтэй хүнийг, эх хүнийг, эмэгтэй хүүхдүүдээ стресстэй явуулж болохгүй. Тэд байхгүй бол бид байхгүй. Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул. Би тэгдэг болоод байгаа. Эмэгтэй хүн хэрүүд өдвөл “Чиний түмэн зөв” гээд шууд бууж өг.
Тэглээ гээд тэд муусайны тэнгэрт гардаг гэж юу байхав. Хэзээдээ л эрийн доор хүмүүс. Энэ нь улны хүн гэж байгаа юм биш шүү. Үүндээ тулах юм бол эмэгтэй хүн бүхэн тэнгэрийн аянга.
Энэ хотын стрессийг хамгийн түрүүнд багасгах хялбар арга бол алхам тутамдаа эмэгтэй хүн бүхэнд гүн хүндэтгэлтэй хандах явдал юм. Энэ соёлд суралцах аваас нийгмийн нерв үлэмж багасна.
Эхэнд хэлснээр аав бүхэн өөдрөг байж, аавуудын амнаас болохгүй, бүтэхгүй гэсэн үг цөөн гарч, “Асуудлыг аав нь шийдвнэ, ард нь гарна, бүх зүйл сайхан болно” гэсэн үгээр гэр бүлдээ итгэл өгч, инээмсэглэл дүүрэн зурагтын удирдлагатай ноцолд.
Гэрийг_гэргий нь ганцаараа гэрэлтүүлдэг юм биш, аавууд бас гэрэлтүүлнэ. Аавын хөмсөг атираатай айлын амьдрал бараан байх нь тодорхой. Гэрийн эзэн нервээ дийлэхгүй бол гэргий чинь сэтгэл санаа тогтворгүй байх нь бас тодорхой. Үүгээрээ сургаал айлдаад байгаа юм биш, зүгээр л амьдралынхаа тушлагаас ярьж байна.
Төгсгөлд нь хэлэхэд чи эр хүн юм бол эмэгтэй хүнтэй маргалдан өөрийгөө доош хийх хэрэггүй. Зүгээр л удирд.
П.Хашчулуун
Эх сурвалж: Өдрийн сонин