Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны дэмжлэгээр сүрьеэ өвчтэй хүний ойрын хавьтлыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Тодруулбал, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Шарга сумын Эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сүрьеэ өвчтэй хүний өрхийн болон ойрын хавьтлыг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаа. Үзлэгт 72 хавьтлыг хамруулж асуумж аван, уушгины рентген шинжилгээнд хамруулахад сүрьеэгийн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сургалт, шинжилгээнд хамруулахын зэрэгцээ өрхийн хавьтлуудад сүрьеэтэй хүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эм уултад хяналт тавих талаар мэдээлэл хүргэлээ хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 онд сүрьеэгийн 31 тохиолдол, 2022 оны эхний гурван сард 7 халдвар бүртгэгдэн эмчлүүлж байна. Тэдний дийлэнх нь 16-50 насны буюу хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ.
Сүрьеэгийн халдвар илрэнгүүт өвчтөний өрхийн болон ойрын хавьтлыг илрүүлж үзлэг шинжилгээнд хамруулдаг ажээ. Хавьтлын үзлэг шинжилгээг илрүүлэх, тэдгээрийг оношилгоонд хамрагдахад аймгийн эрүүл мэндийн газартай Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо болон Глобал сангаас дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг байна.
Тус аймгийн халдвартын тасгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэгийн диспансер, сум, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран эмийн эмчилгээг өвчтөнүүдэд үзүүлдэг аж. 2019 онд хоолтой өдрийн эмчилгээний цэгийг шинээр байгуулснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж эмчилгээний эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байгаа тухай холбогдох албанаас мэдээлсэн юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас ард иргэдэд сүрьеэгийн талаар зөвлөмжийг хүргэж байна.
Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?
Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар халддаг, сүрьеэгийн нянгаар үүсгэгддэг архаг халдварт өвчин юм..Уушгины хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн өвчтөн ханиалгах, найтаах, ярих, үед нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүн халдвар авч өвчилдөг.
Сүрьеэгээр өвдөх эрсдэл:
Удаан хугацаагаар хүндээр өвдөх, байнгын сэтгэлийн дарамттай байх, дархлаа сулрах, хорт зуршилд автах, хоол хүнсээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо авч чадахгүй байх, биеийн болон оюуны хэт ачаалалтай удаан ажиллах, ХДХВ-ний халдвар авсан бол, бохир, нарны гэрэл тусдаггүй агааржилт хангалтгүй орчинд ажиллаж амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг.
Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг:
Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.
• 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу ногоон өнгийн цэртэй ханиалгах (уушгины гүнээс цэртэй ханиалгах)
• Ядарч сульдах
• Турах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх гэх мэт
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?
Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.
Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?
1. Цээжний рентген зураг
2. Туберкулины сорил
3. Цэрний шинжилгээ
Сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дархлаажуулалтад хамрагдах
-Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм
-Гэр бүлийн бүх гишүүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
-Биеийн дархлааг сайжруулах, амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
-Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
-Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчилгээний явцад анхаарах зүйлс:
-Сүрьеэгийн эмийг эмчийн хяналтад ууснаар сүрьеэ бүрэн эдгэрнэ. Сүрьеэгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг.
-Эмээ тасралтгүй эмчийн хяналтад 6-8 сар уух. Эмчилгээ эхэлсний дараа 2-4 долоо хоногийн дараа таны зовуурь арилна. Энэ үед өвчин бүрэн эдгэрсэн биш өвчний нян бүрэн үхээгүй идэвхгүй байдалд орсон байдаг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмд тэсвэржин улмаар эмд дасалтай сүрьеэ үүсгэж улмаар үхэлд хүргэх аюултай, эмд дасалтай сүрьеэг 2 жилийн турш эрчимтэй эмчлүүлэх шаардлагатай болдог.
-Эмчилгээ хийлгэх явцад эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахаас татгалзах
Сүрьеэгийн эдгэрэлтэд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах. Үүнд: сэтгэл санааг дэмжих, чанарлаг хоол хүнсээр ханган, ажлын зохицуулалт хийх зэрэг халамж анхаарал тавих нь зүйтэй юм.
MONTSAME