НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. 2022 оны хувьд сүүлийн жилүүдэд үүсээд буй Ковид-19 цар тахлын улмаас хамгийн ихээр өртөж, хямралд өртсөн салбар нь аялал жуулчлалын салбар учраас дэлхий нийтээрээ аялал жуулчлалын талаар шинээр бодох, төлөвлөх хэрэгцээ шаардлага үүсч буйтай уялдуулан тус өдрийг “Аялал жуулчлалын нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож, төлөвлөх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн аялал жуулчлалын гол зорин очих газруудын нэг нь түүхийн үл хөдлөх дурсгал болох Тайхар чулуу юм. Ковид-19 цар тахлаас шалтгаалан олон улсын аялал жуулчлал зогсонги байдалд орсон хэдий ч дотоодын аялагчдын тоо тогтмол өсч, жилд ойролцоогоор 5000 орчим хүн очдог тоо мэдээтэй байна.
Тайхарын талд 2022 онд гурван жуулчны бааз, 13 иргэний гэр буудал ажилласан ба 20 иргэн морь, 5 иргэн сарлаг унуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Дотоодын аялал жуулчлал ихэссэн нь нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд дэмтэй ч өөр нэг талаараа түүхийн баримтыг устгах эхлэл болоод буй нь харамсалтай. Тайхар чулууг зорин очигсод шар тосоор ард, урд нь нялж, сүү цагаан идээгээ өргөх, чулуунд хадаг уяж шидэх мэтээр бохирдуулж, “Чулуу давуулж шидэж чадсан хүний хүсэл биелдэг” гэх мэт мухар сүсэгт итгэж чулуу шиддэг үйлдэл нь зохисгүй юм гэдгийг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн удирдлагууд, өвгөд, хөгшид хуучлах.
Бүр эртний согд, рун бичээстэй хэсэгт хүртэл өөрсдийн нэр, аймаг, сумаа он, цаг хугацаатай нь будгаар бичиж үлдээж буй нь эртний зурагт бичээсүүдийг устгах, ирээдүйд үнэ цэнэгүй чулуу болгох суурь болоод байгааг ч нутгийн хөгшчүүд ярьж, халаглах. Тэд “Тайхар чулууг зорин ирэгсдийг чулуу битгий шидээсэй, элдэв юм битгий сараачиж үлдээгээсэй, тос, сүү битгий нааж, цацаасай”, энэ хэвээр нь үр хойчдоо үлдээх юмсан хэмээн бодож, зарим нэг буруу үйлдэл хийж таарсан дотоодын жуулчинд ч хатуухан хэлж амждаг байна.
Монгол хүн хойно, хаа явсан газраа сүү, цагаан идээгээ өргөлгүй л. Гэхдээ Тайхар чулуунд биш алсаас Хангай дэлхийдээ өргөх нь илүү бизээ.
Тайхар чулуу нь 18 метр өндөртэй, боржин чулуунаас бүтсэн цохио ажээ. Тайхар чулуун дээр чулуун зэвсгийн үед /МЭӨ 6000-3000/ бүтээгдсэн хурц зүйлээр зурж сийлсэн Монголын түүхэнд хамаарах элдэв дүрс, хөрөг, тамга, тэмдэг байхын зэрэгцээ хар бэх, улаан зосоор бичсэн 7-8-р зууны үеийн Түрэг бичиг, 10-р зууны үеийн Уйгар бичиг, 13-р зууны үеийн Монгол бичиг, 16-17-р зууны үеийн Монгол бичиг, мөн Монголын үеийн тод үсгийн бичиг, Манж, Түвд, Хятад Түрэгийн үеийн Орхон-Енисейн рун бичиг болон согд, уйгар, кидан зэрэг 150 гаруй бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн Дэлхийн хамгийн том судар бичиг юм. Эдгээр бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, залбирал, бэлэгдлийн утга санаа бүхий бичиг голлохын сацуу Монголын түүхэнд нэр алдраа мөнхлөн үлдээсэн эртний Түрэгийн төрийн зүтгэлтэн Кули-чур, Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт Хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурдагддаг байна.
17-р зууны үед Нанжун ноён гэгч “Тэнгэрийн заяагаар ургасан Тайгүрү дор очиж мөргөе” гэж бичсэн үг Тайхар чулуунд байхыг судалжээ. Энэ нь Нангиадаар “Сахиусан хад” гэсэн үг аж. “Тайгүрү” гэдэг үг бол “их багш” гэсэн Монголын хуучирсан зээлмэл үг аж. “Тай” гэдэг нь “их” гэсэн нангиад үг, “гүрү” гэсэн нь “багш” гэсэн Энэтхэг үг бөгөөд дээрхи бичээсээс үзэхэд Тайхар биш Тайгүрү гэдэг байсан бололтой гэж үздэг байна.
Тайхар чулууны орчны тохижилтод анхаарч Ихтамир сумын ОНХС-гийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгийг зарцуулсан ба зөвшөөрөлгүй барьсан 22 ТҮЦ-ний эздэд ТҮЦ-ээ буулгах мэдэгдэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 13 ТҮЦ-ийг буулгаад байна.
Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Тайхар чулууны орчмын баазууд хамтран “Тайхар чулуугаа аврах” ажлыг шат дараатай хийж байгаагийн эхлэл нь эерэг контент бэлтгэн түгээх, зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ, тохижилтын ажлууд юм. Дараагийн дугаарт модон нойлуудыг нураах болон хогны асуудлыг цэгцлэх ажлуудыг хийхээр төлөвлөснийг аймгийн БОАЖГ-аас мэдээлж байна.