XMF-Хуур хөгжмийн наадмыг зохион байгуулсан BRB компаниас мэдээлэл хийж байна. Наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдсан тус хөгжмийн наадамд АНУ-ын алдарт дуучин, реппер Lil Pump хүрэлцэн ирж оролцсон бөгөөд түүнтэй холбоотой видео бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
“Circlepark” группийн гүйцэтгэх захирал, XMF хөгжмийн наадмын Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан дараах тайлбарыг өглөө.
“Өчигдөр 13:00 цагийн орчимд Lil Pump-ийн албан ёсны твиттер хаягаас эмэгтэй хүний дүрстэй бичлэг цацагдсан байсан.
Тухайн үед энэ талаар олон хүн бидэнд хандсан. Бид тэр даруйд нь Lil Pump-ийн менежментийн баг руу шууд холбоо тогтоосон. Тайванийн агентлагаар дамжиж анх үндсэн гэрээгээ байгуулсан тул гэрээний дагуу агентлагт нь мэдэгдсэн. Бид бичлэгийн талаар албан ёсны тайлбар өгөхийг хүссэн. Мөн бичлэгээ яаралтай устгах хүсэлт тавьсан.
Ингээд агентлагаас өгсөн тайлбарт “Нэгдүгээр уг бичлэг Монгол Улсад хийгдсэн огт биш, хоёрдугаарт та бүхний хэлээд байгаа шиг садар самуун доромжилсон асуудал байхгүй. Ямар ч хүний царай зүс, нэр ус заасан асуудал байхгүй. Ер нь Lil Pump иймэрхүү хандалт авсан бичлэг олныг хийдэг. Тэр бичлэгүүдийн нэг” гэсэн тайлбар өгсөн.
Ийм тайлбар өгсөн ч бид бичлэгийг устгуулах хүсэлтэй байгаагаа, устахгүй бол гомдол гарахыг үгүйсгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Менежментийн баг хүсэлтийг хүлээж авсан. Орой 20:00 цагийн үед бичлэг устсан” гэдгийг хэллээ.
Lil Pump-ийг бид 36 цагийн хугацаанд хүлээн авч, тоглолтыг дуусгаад буцаасан. Маш өндөр ачаалалтай, зохион байгуулалттай ажилласан. Lil Pump өөрөө мөн найман хүний маш өндөр хамгаалалттай ирсэн. Маш олон хүн зургаа авхуулах гээд хүлээж байсан. Тэр хүн тоглолтоо үзүүлээд, тохижуулсан гэрт байж байгаад Токио руу өглөөний нислэгээр буцсан. Бид 00:40 цагт буюу эрт зогсоосон. Зохион байгуулагчид бүгд үлдээд хүмүүсээ гаргаад 03:00 цаг хүртэл наадмын талбай дээр байсан. Үүрээр артистаа нислэг рүү хүргэж өгсөн” гэлээ.