Монгол Базальт ХК барилга, аж үйлдвэрийн салбарт цоо шинэ технологи, инновацыг нэвтрүүлсэн “БАЗАЛЬТ АРМАТУР” бүрэн автоматжуулсан үйлдвэрээ өнөөдрөөс /2022.09.15/ ажиллуулж эхэллээ.
30 жилийн судалгаа шинжилгээний түүхтэй манай компани Монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч, төмөр арматураас гурав дахин бат бөх, нягт чанартай арматурыг 100% өөрсдийн инновац, технологийн мэдлэг туршлагаар үйлдвэрлэж эхлээд байна.
Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250,000-350,000 тонн байдаг бөгөөд бид нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд болон хойд хөршөөсөө импортоор авч байна. Монгол Базальт компани жилдээ 10,000 тонн базальт арматур үйлдвэрлэснээр барилга бүтээн байгуулалтын салбарт хамгийн өндөр хомстолтой барилгын материалыг дотооддоо тогтмол хангах эхлэл тавигдаж байна. Тодорхойлбол, барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотооддоо хангаж эхэлнэ.
Базальт арматур нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэх юм.
Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Лхагважавын Ариунболд хэлэхдээ “Бид хүнд аж үйлдвэрийн салбарт хамгийн шилдэг инновац хөгжүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж ирлээ. Ковид цар тахлын үеэр эхэлсэн базальт арматур үйлдвэрийн төсөл маань өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна. Монгол Базальт ХК-ийн 50 гаруй инженер, нарийн мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд бид барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, өргөн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо ийнхүү амжилттай биелүүллээ.”
Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгчээр өргөмжлөгдсөн Монгол Базальт ХК нь байгалийн базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой болон базальт хөрсгүй тариалалтын технологийг эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байна.
Арматур бол барилгын материал дотроо хамгийн өндөр хомсдолтой бүтээгдэхүүний нэг юм. 2030 гэхэд Монголын улсын хувьд жилийн арматурын хэрэгцээ 400 мянган тоннд хүрнэ. Сүүлийн байдлаар Арматур үйлдвэрлэгч 15 үйлдвэрлэгч нар байдаг бол тэд нэгдсэн дүнгээрээ 100 тонн хүрэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаж буй 4 компани бий.
Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 210 мянган тонн арматур хэрэглэсэн байсан. Түүнээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Түүний 70 хувийг БНХАУ-аас импортолдог. Манай улс дотооддоо жилдээ 50 мянган орчим тонн арматурыг үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд гэхэд 55.7 мянган тонн арматур үйлдвэрлэж байсан.