ДЭМБ-ын сүүлийн мэдээллээр энэ долоо хоногт дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 хувиар буурчээ.

COVID-19 цар тахал дуусах хамгийн таатай цаг үе ирээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом лхагва гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

“Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд СOVID-19-ийн шалтгаант нас баралт 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн цөөн бүртгэгдсэн. Цар тахлын төгсгөлд бид хараахан хүрээгүй, гэхдээ маш ойрхон ирээд байна” хэмээн тэрбээр онцолсон байна.

Тедрос Адханом “Хэдий тийм боловч вирусийн шинэ хувилбар, түүнээс шалтгаалж үүсэх эрсдэл хэвээр байгаа”-г анхааруулаад “Хичээл зүтгэлээ сулруулалгүйгээр яг одоо боломжийг ашиглах”-ыг уриалжээ.

Түүнчлэн лхагва гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага цар тахлын тархалтыг хумихын тулд Засгийн газруудын хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг нэгтгэсэн үндсэн зургаан бодлогыг танилцуулсан юм. Сүүлийн 32 сарын хугацаанд хуримтлуулсан туршлага, баримт нотолгоо дээр суурилан дээрх бодлогыг гаргасан бөгөөд үүнд нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог хамгаалах, нийгэм эдийн засгийн хямралаас сэргийлэх зөвлөмжүүдийг багтаажээ.

Хэдийгээр COVID-19-ийн халдварын тохиолдлыг албан ёсоор бүртгэх нь эрс багассан ч дэлхий даяар шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо тогтвортой буураад байгаа аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сүүлийн мэдээллээр энэ долоо хоногт дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 хувиар буурсан байна. Харин есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд COVID-19-ийн халдварын улмаас нас барсан 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 22 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн