Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цементийн гаалийн татварыг 2022 оны 12-р сарын 31-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргалаа. Зах зээл дээр тонн цементийн үнэ 500-600 мянган төгрөг хүрсэн бөгөөд гаалийн татварыг тэглэснээр үнэ 400 мянган төгрөгт хүрэх боломжтой гэж Сангийн сайд мэдээлэв.
Хөтөл, Монцемент, Мак зэрэг үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй ч эрэлтээ гүйцэхгүй байна. Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай замаар хучих зорилт тавьсан. Энэ ажлыг эрчимжүүлэхэд цементийн хомсдол үүсэж буй тул цементээр тасралтгүй хангах зорилгоор тодорхой хугацаагаар цементийн гаалийн татварыг тэглэж байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Гаалийн татварыг тэглэснээр үнэ 30 хувиар буурах боломжтой гэлээ.