Хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаа “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ийг 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХХЕГ-т зохион байгуулж байна. Зөвлөгөөнд хилийн цэргийн анги, тусгай салбараас шалгарсан шилдэг 23 байлдагч оролцохоор ирээд байна.
Хугацаат цэргийн алба хаагчид эрдэм мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорихын зэрэгцээ өөрсдийн үзэл бодол, цаашид хэрэгжүүлж болох санал хүсэлтээ хэлэлцэх юм. Хугацаат цэргийн алба хаагчид 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хугацаат цэргийн албанд тулгамдаж буй асуудал, өнөө ба ирээдүй” сэдвээр эссэ бичиж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэх бол 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдлэг чадвар, урлагийн авьяасаараа өрсөлдөнө.
09 дүгээр сарын 15-ны өдөр хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарт цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа сорьж, хүн нэг бүрийн дүн гарснаар Хил хамгаалах байгууллагын “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022”-ын эзэд тодрон гарах юм гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.