“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалт өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүсчилсэн хөгжлийн бодлого, нийслэлийн эрх зүйн байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд та бид, төдийгүй Улаанбаатар хотын үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар Хот, хөдөөгийн хөгжлийн учир шалтгаан хийгээд учир зүйг хамтад нь тодорхойлж, төвлөрлийг сааруулах, хөгжлийг түгээх, үлгэрлэн манлайлах шаардлага урган гарч байна.
Энэ нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо бүрэн дүүрэн хангагдаж, эрх тэгш хөгжин дэвшихийн суурь үндэс бөгөөд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг Улаанбаатар хотын хурдацтай хөгжлийн зорилттой хослуулан хамтран хэрэгжүүлэх нь бид бүхний нэн шинэ үүрэг хариуцлага юм.
Үүний тулд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутаг дахь газар өмчлөлийг идэвхжүүлэх, худалдаа логистикийн төвүүдийг байгуулж, амжилттай ажиллуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухайд “УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломж бүрдсэн.
Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын тойргийг тэлж, төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшигийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн нь уг зорилтыг хэрэгжүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгож, гараанаас гаргасан түүхэн үйл хэрэг боллоо” хэмээв.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар