[starbox]
“Хэрхэн хөгжилтэй удирдагч болох вэ. Дэлгэрэнгүй заавар”. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов 20 гаруй ном бичсэн ч хүлээгдэж буй цорын ганц бүтээл нь энэ. Тус улсын төрийн тэргүүн генералууддаа буудлага, хутга шидэх зэрэг хичээл зааж, гитар, төгөлдөр хуур тоглож, морин уралдаанд оролцож, автомашинаар дрифт хийхийг үзүүлдэг. Энэ улстөрчийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Туркменистан бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Энэ улс дэлхийд хийн ордын хэмжээгээрээ хоёрдугаарт, байгалийн хийн нөөцөөрөө дөрөвдүгээрт бичигддэг. Ердөө л тав орчим сая хүн амтай. Тийм болохоор Туркменистан хоёр дахь Катар, эсвэл Арабын Нэгдсэн Эмират улс болох бүрэн боломжтой. Гэвч тэгсэнгүй. Тус улсын удирдагчид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд анхаарахаас илүүтэй хөшөө дурсгал, өөрсдийнхөө агуу мундгийг шагширсан ном бичихээс хэтэрдэггүй аж.
Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов Засгийн газартаа хүн амдаа үзүүлж буй бүх хөнгөлөлтийг зогсоох үүрэг өгчээ. 2016 оны нэгдүгээр сард тус улсын засаг захиргаа хүн амын дунд гадаадын валют худалдахыг хориглосон шийдвэр ч гаргаж байв. “Transparency International”-ийн бэлтгэн гаргасан авлигын индексээр Туркменистан 2016 онд 176 орноос 154 дүгээр байрт оржээ. Түүнчлэн “Хил хязгааргүй сэтгүүлчид” хэвлэл мэдээлийн индексийн жагсаалтад тус улс өнгөрсөн онд 180 орноос 178-д орсон, “Human Rights Watch”-ын үнэлгээгээр хараат бус үнэлгээнд хаалттай, хавчлагад нэрвэгдсэн орон гэж гарчээ.
Засгийн газраас иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг маш их хязгаарладаг гэсэн байна. Тэгэхээр Туркменистан дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын нэг гэсэн үг. Туркменистанд нэлээд хэдэн интернэт сайт, олон нийтийн сүлжээг хориглодгоос гадна гадаадын иргэд тус улсын виз авахад маш хүнд. Тэр ч бүү хэл хар өнгийн машин унахыг хүртэл хориглодог гээд этгээд хачин хориг заалтууд их.
Гэхдээ энэ бүхэн нь төрийн тэргүүнээ амарч, амьдралын баяр баясгаланг мэдрэхэд саад болдоггүй аж. Саяхан буюу энэ сарын 2-нд л гэхэд Бердымухаммедов генералууддаа галт зэвсгээр хэрхэн буудах, хутга шидэх зэрэг дадлыг өөрийн биеэр үзүүлжээ. Цэргийн өндөр албан тушаалтнууд төрийн тэргүүнийхээ уг үйлдэлд галзуу юм шиг л алга ташицгаах аж. Сургуулилтын дараа Бердымухаммедов байт буудлага хийжээ. Туркменистаны удирдагчийн иймэрхүү ихэрхүү, онгироо зангаас болж олон нийтийн сүлжээгээр түүнийг Рэмботой зүйрлэжээ.
Бердымухаммедов өнгөрсөн нэгдүгээр сард сонгогчидтойгоо уулзалт хийх үеэрээ гитар тоглож, өөрийнхөө зохиосон дууг дуулсан байна. Түүнийг ийнхүү урлагийн номер үзүүлэхэд хүмүүс хөхиүлэн дэмжиж, “Аркадагугийн яруу алдар бадраг” (Бердымухаммедовын албан бус цол буюу ивээгч гэсэн утгатай) хэмээн хашхиралдана.
Үүгээр Бердымухаммедовын хөгжмийн авьяас дууссангүй. Тэрбээр 2016 оны шинэ жилээр ач нартайгаа хамтран Жастин Тимберлейкийн “Can’t stop the feeling” дууг дуулсан билээ. Ач нар нь дуулж, бүжиглэж байхад Бердымухаммедов дижей хийж байлаа.
Энэ оны нэгдүгээр сард Туркмений удирдагч зааланд үзүүлэх сургуулилт зохион байгуулж, түүнийг нь төрийн телевизээр дамжуулсан аж. Тэрбээр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан нь энэ. Гэхдээ тэднийг ямар нэгэн байранд бус, жавар тачигнасан гадаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалжээ.
Хүний бие махбодын 70 хувь уснаас бүрддэг. Бердымухаммедовынх ч мөн адил. Гэхдээ ямар нэгэн онцгой уснаас тогтдог бололтой. Өнгөрсөн оны наймдугаар сард Туркменистаны төрийн тэргүүн ХБНГУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр Ангела Меркельтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийхэд түүний уух усыг сэмхэн сольж буй нь олон нийтэд түгжээ.
Туркменүүд адууны ахалтекины үүлдрийг бэлгэ тэмдгээ болгодог. Үүнийг алдалгүй, төрийн тэргүүн адууны тухай ном гаргасан байна. Тэр ч бүү хэл тэрбээр морь унах чадвартай гэдгээ харуулахыг зорьжээ. 2013 онд тэр морин уралдаанд оролцож байсан түүхтэй. Харамсалтай нь мориноосоо унажээ. Түүний унаж явсан морь бүдэрч, Ерөнхийлөгч улаан нүүрээрээ зам дээр унасан аж. Төрийн тэргүүн унасныхаа дараа дээш харан хэсэг хөдөлгөөнгүй хэвтжээ. Энэ үед аюулгүйн албаны хэдэн арван ажилтан Ерөнхийлөгч рүүгээ гүйлдэж, түргэн тусламжид хүргэж өгсөн байна.
Номын тухай ярихад Бердымухаммедов элдэв янзын сэдвээр бичдэг. Түүний бичсэн нэг ном л гэхэд цайны тухай байх агаад Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж байлаа. Уг номыг авсан албан тушаалтан бүр төрийн тэргүүнд мөргөж, номыг судар аятай тэргүүндээ хүргэж байв.
Бердымухаммедов түүнчлэн авто спортод сонирхолтой. Тэрбээр 2012 онд 1.7 сая ам.долларын үнэтэй, хувийн эзэмшлийнхээ “Bugatti Veyron” хэмээх хоёр суудалтай спорт загварын автомашинаараа үзүүлбэр үзүүлсэн. Уг үзүүлбэрт Туркийн “Volkicar” шатахуун бага зарцуулдаг автомашинууд уралдсан болохоор дрифтийн тэмцээнд Ерөнхийлөгч түрүүлжээ.
Ерөнхийдөө авьяаслаг хүн бүх зүйлд авьяастай байдаг бололтой. Тийм ч учраас өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Бердымухаммедовыг төрийн тэргүүнээр хугацаагүй ажиллах эрх олгосон биз ээ.
1 comment
Путиныг дууриагч Назарбаевын адил нөхөр байна. Ард түмэн нь хэр амьдардаг, хүний эрх, эрх чөлөө ямар юм бол доо хөөрхий.