Арнольд Шварценеггер хэдхэн хоногийн өмнө буюу долоодугаар сарын 30-нд 70 насны ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Хамгийн агуу булчинлаг эр, жүжигчин, улстөрч, бизнес гээд нэг хүнд багтсан олон авьяастай түүнийг чухам юу од болох хэмжээний амжилтад хүргэв.
Зорилготой: Шварценеггер 15 настайдаа хүнд атлетикийн ДАШТ үзээд л бодибилдинг сонирхож эхэлжээ. Аавынхаа заавраар хөлбөмбөг тоглодог байснаа хаяж, хүчний дасгал хийхдээ хөрш Грац хот руу сургуулилтдаа явдаг байлаа. Ингээд 17 насандаа амжилтад хүрч, бүсийнхээ залуучуудын аварга болжээ.
Бүтээлч: Армид байхдаа эрчимтэй жин нэмж байсан тул өөхөн бөмбөг болохгүйн төлөө гартаа байгаа бүхнийг өргөхөд ашиглаж байв. Тэр ч бүү хэл Арни өөртөө штанг хийж, танкны ангийн хүнд албаныхаа хажуугаар дасгал сургуулилтаа таслаагүй юм.
Зоримог: Армид байхдаа нууцаар “Европын мистер” тэмцээнд оролцож, түрүүлж байсан түүхтэй. Үүнээс болж сахилгад хүртэл орж, дарга нь түүнийг түрүүлсэн мэдээг дуулсныхаа дараа суллажээ.
Адал явдал эрэлхийлэгч: Зодоон цохион, дээрэнгүй үзлийг бид хэзээ ч дэмжихгүй. Гэхдээ Шварценеггерийн энэ зан амжилтад нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Арни армиас халагдсаныхаа дараа “Ертөнцийн мистер” тэмцээнд хоёронтоо түрүүлж, аваргын ааг омог их гаргах болжээ. Ингээд байнгын зодоон цохион, шуугиан тарьж, цагдаа нарын хараанд өртсөн тэр АНУ руу дүрвэхээс өөр арга байсангүй.
Бизнесийн мэдрэмжтэй: Арни мэргэжлийн бодибилдингийнхнээс ялгаатай нь бизнесийн гүйлгээ ухаантай. Тэрбээр хил давж, нарлаг Калифорнид хөл тавимагцаа тоосго нийлүүлэх бизнесээ эхлүүлжээ. Шварценеггер амжилтад хүрэхийн тулд жаахан л тэвчих хэрэгтэй байв. 1971 онд Лос-Анжелес хот газар хөдлөлтөд өртөж, хотын захиргаанд барилгын материал хэрэг болоход түүний бизнес ид цэцэглэжээ. Удалгүй тэр алдар нэртэйболж, бодибилдингийн хэрэгсэл, видео кассет худалдаж эхэлсэн байна. Ингээд 30 нас хүрэхээсээ өмнө саятан болжээ.
Шаргуу: Спортын карьер нь дардан байсан тамирчид тун цөөн. Арни ч ялгаагүй. “Ертөнцийн мистер” цолыг хоёр удаа хүртсэнийхээ дараа хэд дараалал ялагджээ. Гэвч азгүйдэл түүнийг мохоосонгүй. Шварценеггер цаашид ялагдал гээчийг мэдрэхгүй болтлоо зүтгэжээ. Алдаан дээрээ ажилласныхаа хүчинд тэр 1980 онд спортоос зодог тайлах хүртлээ ялагдашгүй явж ирсэн юм.
Зоригтой: Шварценеггер 2001, 2006 онд мотоциклтой хоёр удаа осолд орж байсан. Гэвч хоёр дугуйтаас тэр хашраагүй юм. Үүнээс гадна тэрбээр кинонд орлон тоглогчгүйгээр тоглодог байлаа.
Хошин шогийн мэдрэмжтэй: Шварценеггер хошин шогийн мэдрэмжтэй. Калифорни мужийн амбан захирагч байхдаа тэрбээр Калифорнийн ассамблейд илгээсэн захидлын эхний мөрөнд “Fuck you” гэж бичсэн аж. Саяхан тэрбээр лааны тосон баримлын музейд өөрийнхөө баримлын оронд зогсож, хүмүүсийг цочоосон байна.
Эх дэлхийдээ анхаардаг: Арни экологийн асуудалд маш их анхаардаг. Тухайлбал тэрбээр өөрийнхөө “Hummer” машиныг устөрөгчийн түлштэй болгож, дараа нь Калифорни даяар устөрөгчийн шатахуун түгээх станц барих ажлыг эхлүүлж байв.
Сайн эцэг: Спорт, жүжигчин, улс төрийн карьерынхаа хажуугаар Шварценеггер гэр бүлдээ ч анхаарал тавьдаг нэгэн. Тэрбээр Мария Шрайвертай хамт амьдарч байхдаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Үүнээс гадна нэг нууц хүүтэй. Хүүхдүүдээ чанга хатуу өсгөсний хүчинд том охин нь зохиолч, том хүү нь жүжигчин болж, бусад хүүхдүүд нь эцэг шигээ мундаг хүн болохыг хичээж байна.
Э.ЗАЯА