[starbox]
Үндэсний баяр наадамтай залган үргэлжилдэг орон нутгийн наадмын сүүлийг мушгисан бэсрэг хэрнээ өвөрмөц наадам энэ сарын 6-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж өнгөрлөө. Энэ бол 1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Хархорин сумын Шанх багийн нутаг, “Голын овоот”-ын тахилга наадам.
Өндөр гэгээн Занабазарыг 13 настай байх 1647 оны гал гахай жилд Ширээт цагаан нуурт барьж өгсөн шарын шашны анхны хийд нүүдэллэн Хархорины өмнөх Шанхын өвөр “Сайхан булаг”-ын дэнжид төвхнөн, Шанхын Баруун хүрээ хэмээн нэрлэгдэх болсон гэдэг. Монгол дахь шарын шашны анхны сүм хийдийн түүхийг өгүүлэх Шанхын Баруун хүрээнийхэн энэ үеэс “Голын овоот”-ыг тахин тайлж ирсэн аж.
Бурхны шашин сэргэсэн 1994 оноос хойш Хархорины Шанх багийнхан “Голын овоот”-ын тахилга тайллагаа сэргээсэн байна. Уул усны тахилга тайллага голдуу төрөөс, орон нутгаас авсан санхүүгийн дэмжлэгээр бүтдэг бол Шанхын иргэд “Голын овоот”-оо өөрсдийн зардлаар тахин, азарга, их насны морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай юм байна.
Наадам дуусахад ирэх жилийн наадмын хөрөнгийг гарган, зохион байгуулах хүмүүс хэдийнэ тодорчихсон байх аж. Наадмын төгсгөлд нутгийнхан дараагийн наадмын зохион байгуулагчдаа нэрлэн, хадаг гардуулсанаар “Голын овоот”-ын ирэх жилийн тахилга үндсэндээ бэлэн болчих юм. Үүгээрээ Өндөр гэгээн Занабазарын монгол нутагт анх үүсгэсэн шарын шашны хийд, Баруун хүрээг сахин суурьшсан Шанхын наадам бусад газрын наадмаас өвөрмөц.
Шанхын Баруун хүрээ
Шанхын Баруун хүрээний лам нар наадмын асараа барьж байгаа нь
Хийд лам нарын артель, жилд 10000 мал муулах нядалгааны газар ч болж үзжээ
Бяцхан түүх өгүүлэхэд, цагтаа Шанхын Баруун хүрээнд дөрвөн аймгийн 1000 орчим лам нийлж хурал хурдаг байжээ. Анх Батцагаан дуган цагаан ямбуугаар хийсэн том асарт байрлаж байсан бол сүүлд уг дуганы барилгыг барьж хурал хурж эхэлсэн гэдэг.
Гүн ухаан, тооны ухаан, анагаах ухааны дацангаас бүрдэж, Энэтхэг Түвээс ирсэн лам нар хурал хурдаг байсан Шанхын Баруун хүрээний хуучирсан хэдэн барилга он цагийн шүүлтийг ажиггүйхэн давж, өнөө цагтай золгоод авчээ. Олон жилийн нар салхи, цас, борооны ааш аягыг тэсвэрлэн үлдсэн сүмийн барилгад 1939 оноос лам нарын артель байрлан ширээ сандал, авдар зуух яндан үйлдвэрлэж байсан бол 1950-иад оноос хойш жилд 10000 мал муулах нядалгааны цэг, түүхий эд хүлээн авах байгууламж ч болж үзжээ.
Эрдэнэзуу хийдээс 24 км яваад хүрэх энэ хийдийн хуучин гурван сүмд одоо хүрээний 20 орчим лам ном хурдаг. Гэхдээ хийд энд шавилан сууж, бурханы ном үзэж байсан хүмүүсийн үр сад болон ажил амьдралын өөр өөр сэжимээр холбогдсон хүмүүсийн хөлөөр тасардаггүй юм байна.
Бурхан шашны мөр баларсан 1937 оныг хүртэл Шанхын Баруун хүрээнд Чингис хааны хар сүлд залагдан, хүрээнийхэн сүлдийг тахин тайлж иржээ. Хар сүлдийг хадгалдаг өргөөг хийдийнхэн “Хойд бурханы” хэмээн нэрлэдэг байж.
Шанхын баруун хүрээний дуганууд
“Чингисийн тугийг заавал авч ир”
1936 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Дэндэв, А.Д.Симурков, зураач Ү.Ядамсүрэн нар Монгол төрийн их сүлдийг Шанхын Баруун хүрээнээс авчирч, Улсын төв музейд үзмэр болгон тавьсан гэнэ. Энэ талаар Богд хаант Монгол Улсын үеийн түүх судлалыг үндэслэгчдийн нэг Л.Дэндэв ийм нэг дурсамж үлдээсэн байдаг юм байна.
…Симурковын баруун өмнө зүгийн чиглэлд явсан тухай өгүүлье. Энэ аялалд зураач Ядамсүрэн, Санжаа, Дэндэв, Максимов (орос жолооч) хамт явлаа. Улаанбаатараас гарч Архангайн төв Цэцэрлэг орох чиглэлээр гарлаа. Эрдэнэзууг дайрч нэг чухал даалгавар гүйцэтгэх байв. Ингээд бид Эрдэнэзууд очлоо. Эрдэнэзуугийн өмнө Баруун хүрээ гэж бий. Тэнд Чингисийн туг гэж бий. Түүнийг заавал авч ир гэсэн даалгавартай байлаа.
Баруун хүрээнд очиход тэнд нэг жижгэвтэрхэн модон дуган шиг орой дээрээ догтой байшинд хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Түүнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Тэд хэлэх нь: Бид мөргөж л мэддэг, гар ч хүрдэггүй юм. Чингисийн онгон сахиус юм гэнэ билээ гэнэ.
Тэдэнд түүнийг дурсгалт зүйл болох тухай ухуулж, тэр тугийг авах тухай албан бичгээ үзүүлэхэд түүний даамал лам: Бид яаж мэдэх вэ. Та нар өөрсдөө л мэд гэж өөрөөсөө зайлуулан булзааруулах гэж оролдоно.
Бид үүнийг харж хамгаалах үүрэгтэй улс гэж дотроо маш дургүй янзтай байв. Гэтэл хэсэг лам нар нударгаа шамлан ирцгээж, энэ улс яах гээд байгаа юм бэ гэж зодолдмоор янзтай ширүүн байцгаав. Тэгэхэд нь: Засгийн газраас энэ тугийг авахаар ирсэн юм байна гэж даамал ламыг хэлэхэд тэд жаал гайгүй болов.
Бид маш яаран уул тугийг дөрвөн тал нь татаж аргамжсан төмөр гинжийг тас цохин, дугуйтай төмөр онгиноос мултлан авч, бушуухан машин дээр тавин бараг зугатан явлаа. Ингэж тэр тугийг авсан юм. Хадаг яндар дээр нь сэрээний гурван үзүүр цухуйсан байна.
Тэр тугийн дэргэд нэг дун бүрээ байсан. Түүнийг Чингисийн цэргийн ямаан бүрээ гэдэгсэн. Уул туганд байсан хадаг яндарыг тайчин үзэхэд хамгийн дотор талаас Соном хадгийн чинээ торгомсог дээр зурсан хар ирвэсийн зураг гарсан. Амьтныг шүтэж байсантай холбоотой сонин баримт байсан байв.
Лам нар нь Далх уншиж тугаа тахидаг байсан юм гэнэ билээ. Ийм түүхтэй олж ирсэн туг Улсын төв музейд бий. Үс нь шингэвтэр байсан юм. Сүүлд сэлбэн зассан юм билээ. Тэгээд бид Эрдэнэзуугаас Цэцэрлэг орохоор явлаа…
Шанхынхан Чингис хааны хар сүлдийг Анхдугаар богдын үеэс наймдугаар Богдын үе хүртэл хадгалан тайлж ирсэн нутаг орныхоо түүхээр бахархаж явдаг аж. Тиймдээ ч 1937 оноос 1990 оны дунд үеийг хүртэл тасарсан “Голын овоот”-ын тайллага тахилгаа өөрсдийн хүчээр жил бүр тасралтгүй хийж ирсэн юм байна.
Гоёлын дээлтэй нутгийн өвгөд
Шанхын Баруун хүрээний лам нар ном уншиж тахидаг уул усны тайллагын нэршил нь “Голын овоотын наадам” боловч энэ нь нутгийн хөгшид, өвгөдийн зуны дэлгэр цагт хийдэг уулзалт цугларалт гэмээр. Сумын наадамдаа тэр бүр очиж амждаггүй өвгөд гоёлын дээлээ өмсөөд бүгд ирцгээдэг нь өвөрмөц.
Удтал уулзаагүй тэд энэ наадам дээрээ цугларч, хэдэн асарт хуваагдан сууж, айраг шимэн, хол ойрын сониныг хүүрнэх юм.
Багахан сумын наадмын дайтай болдог “Голын овоот”-ын наадмын энэ жилийн азарганы уралдааныг Хархорины Намын хорооны дарга, Шанх багийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Нүрэнзэд гуайн хүүхдүүд Н.Баттулга, Н.Гантулга, Ч.Баяр нар хариуцсан байна.
Харин их насны уралдааныг тус сумын уугуул Ө.Алтанхуяг, дааганы уралдааныг Т.Дашдаваагийн хүүхдүүд, Д.Даваасүрэн, бөхийн барилдааныг Р.Оюунчимэг нарын хүмүүс хариуцжээ. Овооны тахилгын барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Улсын начин Д.Сугаржаргал үзүүрлэв.
Их насны морины уралдааны эхний таван байг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Дэмбэрэлийн сартай хонгор авч, аман хүзүүнд Хархорин сумын Насанбатын зээрд халзан орж, гуравт Хархорины уяач Эрдэнэбулганы хар, дөрөвт Архангай аймгийн Өгийнуур сумын Соёл-Эрдэнийн хонгор халзан, тавд Хархорины уяач Лигшиднямын халзан морь хурдалсан.
Азарганы уралдааны түрүүг Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Жүгдэрнамдагийн хээр азарга авсан бол аман хүзүүнд Хархорины Дэлгэрсайханы шарга азарга давхиж, гуравт Тарагт сумын уяач Дүүрэнбаярын алаг азарга, дөрөвт Бүрд сумын Өнөржаргалын зээрд, тавд Зүүнбаян-Улаан сумын уяач Төмөрбаатарын шар зээрд азарга орлоо.
Харин дааганы уралдааны түрүүг Улаанбаатар хотын харьяат Тулгаагийн сартай хул авсан бол аман хүзүүнд Улаанбаатар хотын харьяат Нямсүрэнгийн хонгор даага, гурав болон дөрөвт Өвөрхангайн Бат-Өлзий сумын харьяат Төмөрбаатарын сартай хул, сартай хээр даага тус тус давхиж, айргийн тавд Төгрөг сумын уяач Нохойцагааны сартай зээрд даага хурдалсан юм.
Азарганы уралдаанд айргийн тавд орсон морьд
Азарганы уралдааныг зохион байгуулж байлсан Д.Нүрэнзэдийн гэр бүл
Их насны уралдааныг зохион байгуулсан Ө.Алтанхуягын үр хүүхдүүд
Дааганы уралдааныг зохион байгуулсан Т.Дашдаваагийн гэр бүлийнхэн
Майдар эргэж ирсэн нь…
“Голын овоот”-ын тахилгын энэ зуны наадмыг зохион байгуулалцсан Д.Нүрэнзэд гуайн гэргий Догсомсүрэнгийн аав Д.Дондоо агсаны амьдрал Шанхын Баруун хүрээтэй холбогддог аж.
Найман настайдаа Баруун хүрээний Лувсанцэвээнравдан гавжид шавь орсон Дондоо 1937 онд эсэргүүнүүд хүрээ хийдийг шатаан, тонон дээрэмдэхэд Шанхын Баруун хүрээний гол шүтээний нэг, тохой хэрийн өндөртэй, суумал шармал Майдар бурханыг нууцаар авч “Сарын гол”-ыг гатлан “Шар зүлгэн”-д байсан гэртээ ирж, бурханаа гадаа шавж тавьсан аргал дотор нуун авч үлдсэн аж.
Өмсөж явсан хөвөнтэй дээл, хүрэм нь хөлсөндөө нэвт норсон ч Майдар бурханаа мэнд авч үлдэж чадсан Дондоо ламын бие 1962 онд чилээрхэж. Ингээд өөрийн дотны нөхөр, нэг зиндааны лам “домбон” Ц.Лувсандоржоо дуудан “Миний бие чилээрхэх боллоо. Хол юманд явах нь шиг байна. Үүнийг аваад үлд. Ил гарах цаг нь мөд ирэх байх. Тэр үед гаргана биз” хэмээгээд Майдар бурханаа түүнд үлдээжээ.
Ц.Лувсандорж гуай энэ бурханыг 1980-аад он хүртэл хадгалан, биеэ муудах үед мөн л нэг зиндааны лам Ц.Цэрэнпил гэдэг хүнд өгсөн аж. 1990 оны дөрвдүгээр сарын 8-нд Ц.Цэрэнпил лам хэсэг хүмүүсийн хамт сүсэгтэн олны нуун авч үлдсэн бурхан тахил, шүтээн, шашны эд өлгийн зүйлийг цуглуулан Шанхын Баруун хүрээг сэргээн байгуулжээ.
Энэ үеэр мөнөөх Майдар бурхан хийддээ эргэн заларсан аж. Одоо Шанхын Баруун хүрээнд жилдээ ганц удаа, зуны эхэн сарын шинийн 3-нд Майдар эргэх ёслол болдог байна.
Шанхын наадамчид
3 comments
Bayarlalaa.Shanhiin hiidiin tuuhiig uneheer saihan bichjee.
Аятайхан сурвалжлага болжээ.Отгоодоо ажлын амжилт хүсьe.
Saihan medeelel ugsund bayrlalaa