“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн ээлжит тооллогыг 2021 оны 11-12 дугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Энэ удаагийн ээлжит тооллогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл, байршил, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бизнесийн төлөв байдал, хандлагыг судлахаас гадна тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг бий болгосноороо онцлогтой байлаа.
Тооллогод 180 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан нь өмнөх 2016 оны тооллогын дүнгээс аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна. Тооллогод хамрагдсан, сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж (105.5 мянга)-ийн 14.1% (14.9 мянга) нь татан буугдах хүсэлтэй байна.
Танилцуулгатай холбогдуулан Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын үр дүнг олон нийтэд мэдээлэх, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн байгууллагуудад тайлагнадаг статистик, бүртгэл, татвар, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг нэгтгэх, уялдуулах талаар холбогдох арга хэмжээ авах, аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн мэдээллийн сан үүсгэн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого боловсруулалтыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг хуралдаанаас даалгалаа.
Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутамд аж ахуйн нэгжийн тооллогыг зохион байгуулдаг байна.