М.УЯНСҮХ
УУЛ НАЙГАХ МЭТ Ч ӨНӨ ҮЛЭМЖИД БАТ ТОГТНОХУЙ
(ӨВГӨН ҮГСИЙН БЯСАЛГАГЧ АЙМАГ)
Хайрлах сэтгэл олохоо хүнээр заалгаагүй шигээ би
Хатан ясны чөмгөө юуны тулд хайлуулахаа мэднэ ээ,
Эх орон минь,
Уул Алтаад минь!…
Яруу найрагч Д.Урианхай гэхээр үс сахалдаа дарагдсан элэр зэлүүд хүний дүр сэтгэлд буудаг. Уул Алтаад нутаг нь Урианхай болгож төрүүлсэн түүнийг Урианхай биш болгох юм гэж орчлонд үгүй. Аниргүй цээжинд цус шуугин эргэх шиг ертөнц даяхныг бясалган эргэцүүлж, олсон болгоноо үгийн увдист шидээр хайлан зүрхний тунгалаг нулимс болгон нэрэгч тэрбээр яруу найрагч төдийгүй, ГҮН УХААНТАН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ юм.
Мөн дэлхий дахины соёл, иргэншлийн эсрэг ГАНЦ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨН-ий ТЭРГҮҮН. Өөрөө хэлэхдээ дэлхийн бүх шашныг адил зиндаанд шүтдэг гэх атал чухамдаа түүнд өөрөөс нь ТОМ ШАШИН гэж байхгүй. Шүтлэгтэй мөртлөө шүтлэггүй мэт эл даяанч хүмүүн яг үнэндээ эрт цагт Пифагорын шавь нар тоо шүтдэг байсан шиг шүлэгнээс өөр юуг ч шүтдэггүй байж мэднэ. Тэр бүү хэл, түүнээс энэ ертөнцөд яах гэж ирснийг нь асуувал юу хэлэхээ мэдэхгүй, хүд-хүд инээгээд сууж байхаа сийхгүй! Гэхдээ таныг бол харин нэвт шувт мэднэ гээч. Хүй элгэндээ энэрэхүй тээсэн эл ХАЧИН ЗӨӨЛӨН ХҮН бол яруу найргийн төгөлд ашдын золоор ургасан нөмөр ихт ӨВГӨН ЦАРС мод бүлгээ. Монголын төр, засгаас олгодог бүх шагналаас татгалзсан атлаа түүний нэр хүнд бүхнээс өндөрт.
Цаст цагаан уулсын будант зулай адил өнө бат суудал нь үлэмжид тогтнохуйн үүдэлт мөнх тэнгэрт завилгаатай эл их найрагчийн гэрт би амьдралдаа хоёрхон удаа очиж үзсэн юм:
Анх очихдоо Г.Бадамсамбуу бид хоёр Өвөрмонголоос дүрвэж ирээд Ховдод сурч байсан гэх хоёр оюутантай дөрвүүл. Тэр нь Норов, Дөлгөөн хоёр агаад тэр хоёртой дараа нь Бадматай хамт дахин уулзахдаа баахан шүлэг ярьж, зөндөө шинэ юм сонсож, нэрт найрагч Артайн “Бүргэд” шүлгийг худам монгол бичгээр бичүүлж авснаа хожим яруу найрагч Б.Цэнддоод үзүүлэн гайхуулсан минь 1991 оны хавар юм.
Цэнддоо найрагч тэр үед СТӨ-ний нэг давхрын умгар өрөөнд Цогзаяабаатартай хоёул “Үг” сонин эрхэлдэг байв. Харин дөрвүүл хамт Урианхай ахынд очсон тэр жил эхнэр нь нас бараад удаагүй байсан агаад шавь Бадма нь Увсаас ирээд эмгэнэл илэрхийлэхээр очихдоо намайг дагуулсан нь тэр. Түүний дараа би тэднийд Ц.Цэндийг шавь оруулахаар хамт очсон юм. Анх очиход тэднийх Хүнсний 4-р дэлгүүрийн тэр хавьд, орон сууцны хуучин цагаан байшинд байв.
Харин дараа нь Ц.Цэндийг дагуулж очих болоход тэндээс нүүсэн гэж сонсоод Г.Аюурзана руу утасдан, хамт очъё гэсэнд:
“Та хоёр Төв шуудан дээр хүлээж бай. Гэр нь тэндээс их ойрхон. Би машинтайгаа очъё!” гэв. Аюур, Өлзий хоёр тэгэхэд “Өчигдөр” сониноо хамтдаа эрхлэн гаргаж асан бөгөөд тэгж очихдоо уг нь Цэндийг шавь оруулахаар очсон би гэдэг хүн хадгаа барьсаных нь дараа түүний авч очсон нэг шил “Чингис” архийг шавдан задлуулаад, угаас халамцуу очсоныг ч хэлэх үү, амархан согтож, тэгээд тэр гурвыг бараг юм яриулаагүй гэдгээ муухан мэдээд байдаг юм.
Ямар ч байсан Урианхай ахад: “Төгс роман бичсэн хүн гэж дэлхийд байхгүй! Толстой ч чадаагүй, та ч чадахгүй…” гэж тэнэгтэхэд (тухайн үед Урианхай ахын “Учрахуй, хагацахуй” романыг уншаад хүүрнэл зохиолоос битүүхэн харамлаж: “Тэр яруу найрагч л байх ёстой!” гэж баттай боддог байснаас тэр байх, бас дээр нь нэг уулзсаных, залуу нас, архины ааг хоёр хамжаа өгсөн нь ойлгомжтой) Аюур санаа нь зовсон бололтой дүлэгнэж, Урианхай ах толгой дохингоо хүд-хүд инээж суусныг мартдаггүй.
Тэгж хэлсэн үгнээсээ болоод дараа нь хэд хоног бантан шаналж билээ. Бодох бүртээ өөрийгөө зүхэх боловч нэмэргүй. Ц.Цэндийг шавь оруулахдаа би Ховд аймгаас ажлаар ирсэн байсан бөгөөд хэд хоноод буцсан юм. Харин Дарханд ирснээсээ хойш эл их хүнтэй олон удаа уулзаж, яруу найргийн олон арга хэмжээнд хамт оролцсон байнам. Нэг удаа Хөвсгөл аймагт болсон “Чингүнжав, газар шороо, тусгаар тогтнол” наадамд (2010 он) хамт очоод, наадмын маргааш өрөөндөө амран хэвтэж байтал яруу найрагч Б.Төгсжаргал над руу залгаад:
“Урианхай ах таныг дуудаж байна” гэв. Тэгэхээр нь босоод, хэлсэн газар нь очвол тэр хоёр нэг модон пингийн сүүдэрт, зүлгэн дээр сууж байв. Чингээд гурвуул ойр зуурыг хамж шимэн хүүрнэх зуур Урианхай ах надад ойрын 10 жилд хийхээр зэхэж буй уран бүтээлийнхээ тухай нарийн задлан ярихыг сонсоод: “Жинхэнэ уран бүтээлч хүн гэж ийм л байдаг байх нь…” хэмээн өөрийгөө чамлан бодож суув.
Харин сүүлд Б.Лхагвасүрэн найрагч надад: “Би Урианхайд өөрт нь хэлдэг юм. Чам шиг тэнэг хүн байхгүй гэж…” гэх тэр үед би их зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд цэрэг татлагад хойрго хандсан Зая гэгээнтнийг Хатанбаатар Магсаржав өргөөнөөс нь чирч гарган, олны нүдэн дээр ташуурдахыг харсан Итгэлт баяны эрх хүү Хонгор шоолон инээхэд чин сүсэгт Ням өвгөн сандран: “Цөг гэм! Хоёр бурхан зодолдож байхад тэгж болдоггүй юм” гэдэг шиг юмны учир жаахан гадарладаг болоод байлаа. Тэгээд ч, тэр мэт томчуул хоорондоо арцалдахгүй юм бол өөр хэнтэйгээ арцалдах сан билээ? Тийн арцалдахуйн цаад шалтгааныг ч мань мэт нь ойлгож дийлнэ гэж үү дээ?
Хэлийн минь тодотгол:
Зовлон үмхэхдээ загас мэт дуугай зөнгөөр амгалант
Сэтгэлийн минь тодотгол:
Золионд үйхдээ хонь мэт номхон хоргүй амгалант
Бодохуйн минь тодотгол:
Утгын гүнд улайран шунах уйгагүй амгалант
Үйлдэхүйн минь тодотгол:
Тусын ихэд тухлан шунах туйлгүй амгалант…
Түүний бас нэг шүлэг нь энэ байна:
…Дугтуй дүүрэн өвөл…
Тэгээд л гүйцээ! Ердөө ганцхан шадаас бүтсэн “Захиа” нэрт эл шүлгээс нь юуг ойлгож болох вэ гэж үү? Зөвхөн түүнийг ойлгож болно. Ойлгох ч биш. Мэдэрч болно. Түүний мэдрэхүйн чанадад нуугдан буй дотоод лугшилт, халуухан агшилт, тэлэлт бүр нь таны болоод миний ОРШИН БАЙХУЙ юм. Гэсэн ч, ОРШИН БАЙХУЙ-н шалтгаандаа нэн их төөрөлдөн зүдэгч та, бид түүнийхээ учрыг олж чаддаггүй шигээ хэзээ ч тайлбарлаж үл чадна! Тиймээс яг таг байна гэдэг нь хэзээнээс нааш бүтэшгүй мөрөөдөл байсан түүхтэй. Түүнээс гадна Д.Урианхай найрагч үзэл суртлаар таг хаасан тэр хэцүүхэн нийгмийн нугачаат он жилүүдийг давж гараад, эдүгээ бүтээлээ туурвиж суугаа нь чухам зол гэлтэй. Үүний төлөө тухайн үеийн МЗЭ-ийн удирдлагууд болон үзэг нэгт нөхдөд нь талархууштай. Басхүү Д.Урианхай найрагч хэцүүхэн цаг үеийг мэнд давж гарахад түүний туурвих арга барил нь нөлөөлсөн байж магад гэж бодогддог. Яагаад гэхээр, ойлгохгүй юмаа хүн илтээр шүүж чаддаггүй. Тийм боломж үгүй. Чухам тиймээс тэрслүү найрагч Р.Чойном, өөрийгөө шууд шулуун илэрхийлдэг М.Цэдэндорж, Н.Нямдорж тэргүүтэн хавчигдаж, зарим нь шоронд орж байхад мань эр ширүүн салхинаа найган ганхавч намар, намрын салхинд навчсаа гүвэн ганцаардагч буурал царс адил тэсэж үлдсэн байх.
Булгийн ус шиг тунгалагхан гунигаа
Бужигнах олны инээдний зайд нуучихаад
Ширэм хайлгах эгшгийн эрэлд хатаж
Ширээсэн илдийн үзүүрээс ч нулимс унагана…
Оюутан ахуйд минь Д.Урианхай найрагчийн “Итгэлийн шүлэг”-ээс эл мөртүүд миний амны уншлага байлаа. Мөн: “Хайрлана гэдэг яасан аминчхан юм бэ?” гэсэн дуу алдалтыг нь дотроо дандаа эргэцүүлж явдаг байв. Түүний “Нялх хөлийн салхи”, “Цээжний нөмөр” нэрт хоёр номыг нь би мөн ч олон жил нухаж билээ. Уншаад байхад ер барагдахгүй. Цоо шинэ утга ар, араасаа залган гарч ирээд байх шиг санагдана. Ялангуяа: “Аглаг шугуйн салхин үнэрээ гээж, Амраг шувууд уйлалдсан намрын орой…” гэж эхэлдэг “Гурвантаа дуудлаа, хайрт минь!” шүлгийг өөртөө сэм үглэн унших бүрт: “…нар тэмтрэн бүлээцэх голын ус агшин зуур урсахаа зогсохыг сэрээд…” гэх тэрхүү цочир сэрэхүйг хэн ч, хэзээ ч давахгүй юм шиг санагддаг байв. Чингээд бодохоор, Д.Урианхай найрагчийн шинэ үеийн утга зохиолд үзүүлсэн их нөлөөг хэмжишгүй. Мөн, ухан ойлгож, цаана нь гарна гэдэг заримдаа бүтэшгүй мэт санагдахыг яана гээ. Үг бүртээ нэвчээсэн давшгүй мэт утгууд нь тэгж санагдуулна. Товч хэлэхэд, түүний ГҮН УХААН бол өөртөө давхар үр хөврөл тээж, түүнийгээ цаг, цагт нь төрүүлж, бойжуулж байдаг, бүр тодруулбал үлгэрт гардаг далдын хар малгайт шиг үл үзэгдэх атлаа ямагт бидэнтэй хамт байж, биднийг алхам тутам тэнсэн сорьж байдаг ОНЬСТ ГҮН УХААН мөн юм. Эртнээс нааш чухам тийм гүн ухааныг шүтэн барилдаж ирсэн настангууд хэлэхдээ: “Өчүүхэн тогоонд орж буцлах аваас дорхноо ялз чанагдах төдийгүй, нэг мэдэхэд юу ч үгүй уусан алга болдог” гэх авай. Өөрөөр хэлбэл, юу ч үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр, болж л өгвөл том тогоо руу зүтгэх хэрэгтэй байх нь. Басхүү, оюуны их ай савыг хэмжишгүй тул өөрийн чадах хэмжээгээр хүртэх нь зөв ч гэлцдэг. Гэхдээ, аль нь ч байлаа гэсэн, туурвигч хүмүүн юун түрүүн язгуур зөв бөгөөд чанд сэтгэлийг эрхшээх нь зүй гэж бодном.
Шүлэг гэдэг ХҮН, ТЭНГЭР хоёрын
ХҮН, ЖИГҮҮРТЭН хоёрын хэлмэрч юм
Шүлэг гэдэг модны шүүс, төмрийн усны шүүс юм…
Дуугүй үгийг чих сонсдоггүй,
Зүрх, нүд хоёр минь л сонсох юм
Чамтай ярихад их хэцүү юм
Чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм…
Д.Урианхай абугайн бүтээлүүд олон хэлнээ орчуулагдаж, “Инээд шиг хуучин хүний амьдрал” шүлэг нь дэлхийн нэг шүлгийн ном болон хэвлэгдсэн төдийгүй БНСУ-аас олгож эхэлсэн “Азийн утга зохиолын шагнал”-ын анхны шагналыг ч мөн хүртэв. Тэр бүү хэл, Нобелийн шагналд нэг бус удаа нэр дэвшлээ. Гэхдээ, утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар багш нэгэн ярилцлагадаа: “…Урианхайг Нобельд дэвшүүлнэ гэдэг зүгээр л сахилгагүйтэж байгаа хэрэг…” гэсэн нь чухамдаа та, бидэнд хандаж хэлсэн үг бөгөөд та, бид үндэстнийхээ хувьд тэр хэмжээнд очих болоогүй байна гэсэн үг. Тэгвэл яах ёстой юм бэ гэж үү? Юун түрүүн, Д.Галбаатар багшийн хэлсэнчлэн, эхлээд өөрсдөө Д.Урианхай абугайг уншин судалж, танин ухаарч, гэгээрэхүйн үр шимээс нь нийтээр хүртэх нь зүй. Өөрөөр хэлбэл, мод үндэснээсээ шим авч нахиалдаг шиг эхлээд та, бид өөрсдөө тийн нахиалах ёстой. Гэвч эл их найрагчийн ӨВГӨН ҮГС-ийн өмнө дийлэнх уншигчид хүчин мөхөс хэвээр байх шиг.
Мөн, намайг үүнийг бичиж байх үеэр Баян-Өлгий аймгаас Р.Сураган найрагч утасдаж, А.Эрдэнэ-Очирын “Хар нүдэн” шүлгийг казах хэлнээ буулгаснаа дуулгаад, Д.Урианхай найрагчийг бид Нобельд нэр дэвшүүлээд, өгөх болов уу, яах бол гэж харж суух биш, түүнийг гадаад орнуудад таниулах талаар төр, засаг онцгой анхаарч, дорвитой ажлууд хийх ёстой, тэгж байж бусад улс үндэстнүүдэд танигдах болно гэсэнтэй санал нийлж буйгаа хэлэхийг хүснэм. Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн “Бальгаа” шүлгийн эхэнд байдаг: “Намайг бага байхад өвгөн байсан, Найм төгсөөд явахад өвгөн байсан, Хожим нэг уулзахад өвгөн байсан, Хорвоод тэр угаасаа өвгөн төрсөн хүн…” хэмээх дүрслэл шиг Д.Урианхай найрагчийн тухай бодох бүрт миний ой тойнд түүний цэл залуу насандаа бичсэн гэхэд итгэхэд бэрх, чухам оюуны бяр үлэмж заасан шүлгүүд их алсаас наашлах мэт зугуухан тодроод ирдэг. Тэгэхээр, их алсыг хэмжигч хүмүүн түүн шиг зугуухан бөгөөд жигдхэн урагшлах ёстой ч байж мэдэх юм даа.
Би-
Шивэрсэн булаг дээгүүрээ алхаж гардаггүй,
тойрч гардаг
Алжаал үгүй амгалант
Би-
Шивнэсэн судрын үг давхиж уншдаггүй,
гэлдэрч уншдаг
Цөхрөл үгүй амгалант
Би-
Амьдад ач сэтгэхийн цагт харам үгүй
Баян амгалант
Би-
Амьсгалын тоо гүйцэхийн цагт харуусал үгүй
Бардам амгалант!
2021.01.15-17