Кувейт улсын 2 компани Монгол Улсаас хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ.
Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын мах, махан бүтээгдэхүүн импортолдог компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж эхлээд байна. Тэрбээр өчигдөр Кувейт Улсын “UUMTFS” компаний үйл ажиллагаатай танилцаж, тус компаний санхүүгийн менежер Юсуф Аль-Курашитай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
“UUMTFS” компаний хувьд Австрали, Казахстан, Киргизстан, Узбекистан, ИБУИНВУ, Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Уругвай, Парагвай, Судан, Кени зэрэг улсаас тогтмол мах импортолдог Кувейтийн томоохон компаний нэг юм.
Уулзалтаар тус компани Монгол Улсаас үхэр, хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлж, зам тээврийн болон бусад бичиг баримтыг шийдсэний дараа мах импортлохоо ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ хүрээнд ЭСЯ-наас ГХЯ, ХХААХҮЯ-ны удирдлагуудтай холбогдож, дээрх ажлыг эхлүүлэхээр зорьж байна.