ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр жилд 5,8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан талаар танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын засгийн газрын зорилт болох Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ярилцлаа. 2022 оны дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилдээ 5.8 орчим тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гарсан. Дэд, тэргүүн дэд, орлогч дарга нарын орон тоог бууруулан ажиллах заалтын хүрээнд нийтдээ 159 дэд, орлогч, тэргүүн дэд даргыг чөлөөлсөн мөн зөвлөхүүдийг чөлөөлсөн. Үүний үр дүнгээр 1.4 тэрбум төгрөгийн төсвийг хэмнэсэн. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаад, төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн эзэмшилд байсан 587 ширхэг авто машиныг битүүмжилсэн. Үүний үр дүнд энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268.4 сая төгрөгийг хэмнэсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж Засгийн газрын зүгээс үзэж байна. Тийм учраас өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулаад энэхүү хуулийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх, амьдралд нийцүүлэх зорилт тавьж байна” гэв.