Дэлхийн улс үндэстэн бүхэн өөр өөрийн шүтээн бэлгэдэлтэй. Тэдгээр нь олон зуунаар хүндэтгэн биширч ирсэн бурхад гэгээнтнүүд, үндэсний бэлгэдэл байхын сацуу тухайн ард түмнүүдийн түүхэнд товойн тодорсон, үндэстэн болж бүрэлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн, оюун санааны хөтөч болсон бодит хүмүүс байдаг.
Дэлхийн янз бүрийн ард түмнүүд эртний Будда, Есүс, Мухамед тэргүүтэн оюун санааны удирдагчдаас эхлээд хожуу үеийн Жанна д’Арк, Телль, тэр бүү хэл ардын зохиолын Робин Гүдийг шүтэхийн хамт Шарль де Голль, Лех Валенса зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийг ч шүтэж дээдлэх нь буй. Хүн бүхэн өөрийн шүтээнтэй байх эрх нээлттэй нь мэдээж. Харин нийтээр шүтэж дээдэлдэг нэгдмэл бэлгэдэлтэй байх нь ард түмнийг нягтруулж, эв нэгдэлтэй болгодог нь батлагдсан зүйл юм.
Эртний түүх соёлтой монголчууд бид дээдлэн шүтэх өөрийн шүтээнтэй. Мөнх тэнгэр, уул ус, бэлгэдэлт араатан жигүүртэн г.м. Харин монголчууд бидний дундаас төрж гарсан, түүхэнд суу алдраа тод томруун үлдээсэн, билиг сургаалиа түгээн дэлгэрүүлсэн, шүтэж дээдлэх учиртай бодит хүн гэвэл яахын аргагүй Чингис хаан билээ.
Тэр зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий даяар хаадын хаан хэмээгдэх эрхийг олсон хүмүүн. Эвтэй байж чадвал, хүчирхэг удирдагчийн ялгуусан тугийн дор нэгдэж чадвал монголчууд юунд хүрч болохыг биеэр үлгэрлэсэн хүмүүн. Дэлхий даяарыг түгшээхдээ түгшээж, амаржуулахдаа амаржуулж, хамгийн том эзэнт гүрний эхлэлийг тавьж, дэлхийн газрын зургийг шинээр бүтээлгэж, хүн төрөлхтөний орчин цагийн түүхийг эхлүүлэх хэмжээнд үйл ажиллагаа явуулж, сэтгэж чадсанаараа түүнтэй эгнэн чадах эн чацуутан эрт эдүгээгийн түүхэнд алга.
Өнөөдөр бид Монгол хэмээх аугаа үндэстнээр овоглож, энэ сайхан газар нутаг, уул усныхаа бүрэн эрхэт эзэн нь болж, өөрийн гэсэн соёл уламжлалтай, туурга тусгаар ард түмэн хэмээн дэлхий дахинд өөрсдийгөө нүүр бардам тунхаглах эрхтэй яваа нь энэ их хүмүүний намтар түүх, үзэл санаатай салшгүй холбоотой юм.
Тиймээс их хааныхаа эш хөргийг улс нийтээр дээдлэн залах нь манай монголчуудын оюун санааны эв нэгдлийг улмаа бататгаж, хойшид муугийн сүүдрээс зайлж, үндэсний үзлээр эвлэлдэн нягтарч, мандан бадрахын утга төгөлдөр бэлгэдэл мөн билээ.
Д.Гүн-Үйлс
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар