Уржигдар (2017.08.06) Хэнтий аймгийн Хэрлэн суманд хүчтэй аадар бууж, сумын II, III, IV багийн нутагт 46 см ус тогтсон байна. Нэг цаг гаруй үргэлжилсэн борооны дараа Аймгийн Онцгой байдлын газрынхан усанд автсан 30 гаруй өрхийг нүүлгэн, долоон байшингийн зоорийн давхарт дүүрсэн усыг соруулж авчээ.
Үерийн голомтод Онцгой байдлын албаныхан болон орон нутгийн 200 орчим хүн ажилласан байна. Үерийн ус тархсан 25 га талбайг ариутгахад 11 сая төгрөг шаардлагатай. Мөн барилгын зоорийн давхарт ус орсон шалтгааныг тогтоох үүргийг холбогдох албаныханд өгсөн гэж аймгийн Онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.
Энэ өдөр Баян-Өндөр суманд орсон бага зэргийн борооны үеэр малчин залуу хуурай аянганд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.