Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/ өчигдөр (2017.08.08) Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгууллаа. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцов.
Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.
“Төрийн алба” багц сэдвийн хүрээнд ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА /§46.3, §46.4, §46.5/ дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зөвлөх Б.Болорчимэгийн илтгэлээс танилцуулбал:
Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм. Отгон сумын Буянт багийн малчин Я.Зинаамядар саналаа илэрхийлэхдээ, хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна. Яагаад гэвэл ах дүү олон, жалга довын асуудлаас болж мэдлэг, боловсролгүй нэгэн туршлагатай малчнаас дор хүн сонгогдож байна. Шүүгчээр томилогдох насны доод хязгаарын хувьд 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нь зөв. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлын хувьд Ерөнхийлөгч бол чиглэл өгөх эрхтэй байхыг дэмжиж байна гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 105 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Улиастай суманд 2017 оны 08 дугаар сарын 09-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.