Зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан уран бүтээл болох “Этгээд” сэтгэхүйн триллер кино нь есдүгээр сарын 14-нөөс 18-ны хооронд зохиогдох “Internationales Filmfest Oldenburg”-д оролцохоор болжээ.
Уг кино нь энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийснээс хойш монголын кино сонирхогчид, шүүмжлэгчдийн анхаарлыг ихээр татаж, өндөр үнэлгээ авч байсан юм.
Ийнхүү олон улсын наадамд албан ёсоор сонгогдон, монгол улсаа төлөөлөн өрсөлдөх эхний алхамаа ийнхүү хийлээ. 1994 оноос хойш Герман Улсад зохион байгуулагдаж байгаа “Internationales Filmfest Oldenburg”-д оролцох эхний алхмаа хийлээ.
Тус наадам нь “Movie Maker” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн гайхалтай 25 наадам”-ын жагсаалтад багтдаг байна.
Сонирхуулахад “Этгээд” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ч.Сэлэнгэ туслах дүрүүдэд Ж.Оюундарь (МУГЖ) Н.Ялалт (СТА), С.Ариунбямба (СТА), Г.Эрхэмбаяр (СТА), Б.Бадамцэцэг, Б.Баярсанаа нар тогложээ.
Б.Хүслэн