Баялаг гэдэг баян тансаг амьдралтай үргэлж холбоотой гэж бид боддог. Үнэхээр ч эд баялгийн өндөр шалгуурыг давсан хүмүүс олсон мөнгөө хүссэнээрээ үрж эхэлдэг билээ. Гэвч түүхэнд баян хэрнээ гар татгануур, харамч амьдарч байсан хүмүүсийн түүх цөөнгүй бий. “Дуслыг хураавал далай” хэмээх зарчмаар бүхий л хөрөнгөө хурааж, илүү зүйлд огт зарцуулахгүйгээр амьдардаг тэд шаардлагатай зүйлсээ ч худалдан авдаггүй байв.
Микеланжело Буонарроти: Алдарт зураач амьд ахуйдаа л нэр түгсэн нэгэн байв. Алдар нэртэй, тухайн цаг үедээ их хэмжээний шагнал орлого олдог байсан тэрбээр амьдралаа сайжруулахын тулд мөнгө зарцуулна гэж үгүй. Микеланжело лангуун дээрх барааны үнэ өндөр байна хэмээн байнга л гомдоллож, аяллаар явахдаа хоёр туслах, өөртөө зориулж ганцхан ор захиалан гурвуулаа хамт унтаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд хувцас, гуталдаа хүртэл мөнгө хэмнэдэг байв. Тэр бүү хэл түүнд шаардлагатай тавилга, сэлт ч байсангүй.
Гэтэл нас барсных нь дараа гэрээс нь алттай аварга том авдар гарч ирсэн гэдэг. Орчин цагийн хүмүүс түүний харамч, татгануур занг үргэлж дооглож, ийм л шалтгааны улмаас түүний уран баримал үргэлж хагас нүцгэн, эсвэл нүцгэн байдаг гэж шоолон хэлэлцдэг аж.
Гэхдээ тэрбээр хүмүүст уран зураг, архитектуртай холбоотой үнэт зөвлөгөө өгч, түүнийхээ төлөө бусдаас харамж, төлбөр огт нэхдэггүй нэгэн байсан гэнэ. Мөн зарц, туслахууддаа харамгүй мөнгө өгч, ядарсан нэгэн тусалж явдаг нэгэн байжээ.
Хенриетта Грин буюу “Уолл-стритээс ирсэн шулам”: Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн харамч хүнээр бичигдсэн бүсгүй. 1916 онд дэлхийн хамгийн баян эмэгтэйд тооцогдож байсан тэрээр хангалуун гэр бүлд төрж өссөн, хүүхэд байхаасаа л тансаг сайхан гэгч юу байдгийг жинхэнэ утгаараа мэдэрсэн Хенриетта биеэ даасан эмэгтэй болмогцоо нэг ширхэг зоос ч бараг үрж байгаагүй гэдэг. Түүний нөхөр бас л саятан хүн байсан бөгөөд санхүүгээ эхнэртээ захиран зарцуулуулахаар шилжүүлжээ. Тэд хүүхдүүдэйгээ хямд өрөө хөлсөлж, халуун ус, дулаанд мөнгө зарцуулуулахгүйгээр ядуу зүдүү амьдарч байсан гэнэ.
Харамч хахир энэхүү эмэгтэйн тухай олон домог яриа явдаг. Тэрээр гараа огт угаадаггүй байсан бөгөөд зарц нараа даашинзныхаа хамгийн бохир хэсэгт гараа арчихыг зааж, элэгдэж, цоортол нь хувцсаа өмсөхийг даалгаж, дэлгүүрээс хугарсан жигнэмэг илүү хямдаар авч, нохойнд зориулсан үнэгүй яснаас байнга авч, хоолоо ажлын өрөөнийхөө пааранд халааж, алга болсон хоёр центийнхээ төлөө шөнө дөл болтол эрэл хайгуул хийдэг байсан гэнэ.
Ялангуяа төрсөн хүүхдүүддээ үнэхээр харамч хахир ханддаг байжээ. Нэг удаа бага хүү Нед нь хөлөө хугалахад Хенриетта мөнгөө хэмнэх үүднээс улсын эмч нарт хандаж, хэдэн өдөр дараалан ядуучуудын эмнэлэгт дугаарлаж, үүнээсээ болж хүү нь өрөөсөн хөлөө тайруулахад хүрчээ. Охин нь төрөлхийн тавхайн гажигтай байсан бөгөөд ээж нь мэс заслын мөнгө өгөхгүй гэдгийг ч мэддэг байв. “Шулам”-ыг нас барсны дараа хүүхдүүд нь түүнээс өвлөн авсан асар их баялгаа сайн үйлсэд зарцуулжээ.
Жон Пол Гетти: Айхтар гар татуугийн бас нэгэн жишээ болсон саятан бол Жон Пол Гетти. 1966 онд дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорч байсан тэрээр (1,2 тэрбум доллар) индүүнд хэмнэлт гаргаж, үргэлж үрчгэр костюм өмсөж явдаг байжээ. Хувийн шилтгээндээ зарц, хүүхдүүдээ удаан хугацаагаар утсаар яриулахгүйн тулд хотын төлбөртэй утас хүртэл суурилуулжээ. Гэхдээ ач хүүтэй нь холбоотой нэгэн түүх дэлхий дахинаа алдаршихад хүргэжээ. 1973 онд 16 настайг хүүг хулгайлж, 17 сая доллар төлж байж түүнийг суллана гэжээ.
Гэтэл өвөө нь мөнгө төлөхөөс татгалзаж, үүнийгээ ийнхүү тайлбарласан байдаг. “Би 14 ач, зээтэй. Хэрвээ би өнөөдөр нэг пенни төлчих юм бол 14 хулгайлагдсан ач, зээтэй болчихно” гэжээ. Барьцаалагдсан хүүгийн нэг чихийг тайраад явуулсны дараа ч өвөөгийн зүрх зөөлөрсөнгүй. Ингээд удаан хугацааны наймаа, тохиролцооны үр дүнд хулгайлсан этгээдүүд шаардлагаа гурван сая болгон бууруулж, Гетти өвөө дөнгөж 2,2-ыг л өгчээ. Үлдсэнийг нь хүүхдээ жилийн дөрвөн хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Жон Рокфеллер: Энэ хүний нэр төсөөлшгүй их эд баялаг, хөгжил цэцэглэлтийг илэрхийлсэн оноосон бус, энгийн нэр болсон. Тэрээр эцгийнхээ хүмүүжлээр бүхий л амьдралынхаа туршид мөнгөнд ухаалаг ханддаг болсон хэмээн тэмдэглэдэг байлаа. “Аав маань надтай үргэлж наймаалцаж, надаас янз бүрийн үйлчилгээг худалдан авдаг байсан. Аав минь л намайг баяжихад “түлхсэн” хүн” гэдэг байлаа.
Бяцхан Жонни долоон настайгаасаа мөнгө олж эхэлсэн байна. Тэрээр зарах гэж байгаа цацагт хяруулуудыг хооллож, хөршүүдийнхээ төмсийг ухаж мөнгө олдог байлаа. Олсон бүх мөнгөө шаазан мөнгө цуглуулдаг саванд хийж, жижигхэн дэвтэртээ тооцоогоо хөтөлж, түүнийгээ бүхий л амьдралынхаа туршид хадгалжээ. Ингээд 13 настайдаа танилдаа жилийн 7,5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн байна.
Түүний эхнэр ч бас Рокфеллер шиг тооцоотой нэгэн байсан бөгөөд хэзээ ч шаардлагатай мөнгөнөөсөө илүү тооны мөнгө гаргадаггүй байлаа. 60 жил ханилсан эхнэр Лаурагаа өнгөрсний дараа л дэлхийн хамгийн баян эр үнэтэй костюм өмсөж сурчээ. Таван хүүхэд нь ч ааваараа үлгэр жишээ аван өсч, бүгд л орлого, зарлагын дэвтэр хөтөлдөг байжээ. Хүүхдүүд нь шагнал, торгуулийн хөдөлмөр, зарчмын хатуу үнэлгээгээр аж төрж, шинэ хувцас барагтай л бол өмсдөггүй байв.
Гэхдээ асар их хэмжээний мөнгөтэй болсон Жон Рокфеллер ихэнх мөнгөө сайн үйлсэд зарцуулсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Түүний ачаар Чикагогийн их сургууль, Рокфеллерийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, Дэлхий нийтийн боловсролын зөвлөл, Рокфеллерийн сайн үйлсийн сан зэрэг байгуулагдсан.