Сугалаатай холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр” НӨАТ-ын сугалааг сэргээх гэж буй бол бусад бүх сугалааг хориглох хэрэгтэй! Сугалааны асуудлыг шалгахад тодорхой хууль тогтоомж байхгүй, Сангийн яамнаас зөвшөөрөл авч явуулж байна. Улиралд 700 саяын хонжвортой гэх сугалааг шалгахад хонжвороо бүрэн олгож байна. Улиралд орсон орлого нь 1,5 тэрбум байна.
Хяналт шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Үүнд:
“Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын 2022.08.05-ний өдрийн 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүллээ.
Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн ба эдгээрт хяналт тавих, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах талаар агентлагийн даргын 2022.08.05-ний өдрийн 01/1351 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүллээ.
“Саятан Лото” ХХК-ийн зүгээс 1900-0000 тусгай дугаараар “Үндэсний сугалаа” нэртэй сугалааг эрхлэн явуулахдаа тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа явуулсан, хариу мессэж илгээх болон үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хангаагүй зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байх тул 5 сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авч ажиллалаа” гэжээ.
Б.Ирээдүй