Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдыралыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчлан дурсгалт газартай биечлэн танилцсан байна. Мөн түүнийг Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн нар хүлээн авч уулзаж, Монгол-Казахстаны хамтын ажиллагаа, үр дүнг өндрөөр үнэлэн, цаашид хэрэгжүүлэх олон талт ажлуудын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.К.Кыдырали нар Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.К.Кыдырали олон жилийн хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг өндрөөр үнэлэн судалгааны багийн Монголын талын удирдагч, доктор (Ph.D), дэд профессор А.Энхтөрд Олон улсын Түрэг академийн Алтан медаль, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэнд Олон улсын Түрэг академийн мөнгөн медалийг тус тус гардуулж өгсөн.
Эх сурвалж: ШУА