Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд тулгардаг бэрхшээл бол эмнэлгийн зориулалттай туулах чадвар бүхий авто машины дутагдал билээ. Орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг.
21 аймгийн төвд болон сумуудад ашиглагдаж байгаа машинуудын 30-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн судалгааг 2021 онд ЭМЯ гаргаад байна. Улсын төсвөөс жил бүр худалдан авалт хийж орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай авто машиныг хангах ажлыг үе шаттай зохион байгуулдаг ч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Мөн орон нутгийн онцлогоос шалтгаалж машинуудын эвдрэл их, засвар үйлчилгээ хангалттай биш байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд гурван талт санамж бичгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, “Монголын оюунлаг зон олон” ТББ-ын ТУЗ дарга Д.Дэмбэрэлдорж нар 3 талт санамж бичгийг байгуулав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохирсон машинаар хангахад хандивын аян өрнүүлэн хамтран ажиллах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.