Хүн худалдаалах гэмт хэрэгт сүүлийн таван жил гаруй хугацаанд 237 хохирогч тогтоогджээ. Тодруулбал, насанд хүрээгүй 95 хохирогч байгаа нь нийт хохирогчдын 40 хувийг эзэлж байна.
Энэ талаар “Анбаунд монгол” ТББ-ын үйл ажиллагааны менежер Г.Заяа “Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Харин хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна.
Манай “Анбаунд монгол” ТББ-нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дамжин өнгөрөх ажиглалт төслийг хилийн боомтууд дээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн зорилго нь хилээр дамжин өнгөрч байгаа зорчигчдоос судалгаа аваад, өндөр эрсдэлтэй байгаа гэж тодорхойлсон охид, эмэгтэйчүүдийг зогсоож гэр лүү нь аюулгүй буцаадаг. Уг төслийн хүрээнд 3,600 гаруй охид эмэгтэйчүүдээс судалгаа авч 24 охид, эмэгтэйчүүдийг зогсоож, гэр лүү нь аюулгүй буцаасан. КОВИД-19 цар тахал гарахаас өмнө буюу 2020 онд нийт зургаан эмэгтэйг зогсоосон бөгөөд насанд хүрээгүй, хүн худалдаалах гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, эрсдэлтэй ажлын сонголт хийгээд явах гэж байсан” гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр “Ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох, түүнчлэн хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртаж итгэдэг, дээрх гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэл дутуу зэрэг нь бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход гол хүчин зүйл, суурь шалтгаан болж байна” гэлээ.
Монгол Улсад анх 1999 онд хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд түүнээс хойш албадан хөдөлмөрийн зорилгоор ЕвроАзи руу, бэлгийн мөлжлөгийн зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хүн худалдаалах гэмт хэргүүд илэрч байгааг мэдээлэв.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба