Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Энэ хүрээнд нийслэлийн хувьд агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажиллаж байна. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн.
Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Есдүгээр сарын 15-наас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ хэмээн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.