JCI Mongolia байгууллагын 30 жилийн ойн баярт зориулсан хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар “Эмэгтэй бизнес эрхлэгчид ба бизнесийн орчин” сэдвээр илтгэл танилцууллаа.
1889 онд АНУ-д хамгийн анхны эмэгтэй Гүйцэтгэх захиралтай компани бий болж 1972 он гэхэд анх удаа “Fortune500” жагсаалтад багтдаг компани эмэгтэй CEO-тай болжээ. Харин 2018 он гэхэд “Fortune500” жагсаалтад багтдаг компаниудын таван хувь нь буюу 25 компани эмэгтэй CEO-тай байв. Энэ үзүүлэлт 2021 он гэхэд найман хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл “Fortune500” жагсаалтад багтдаг 41 компани эмэгтэй CEO-тай болжээ. Харин Монгол улсын 2021 оны Топ100 ААН-ын 24 компани эмэгтэй захиралтай байна.
Дэлхий нийтийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн 17.3% нь эмэгтэй эзэмшигчтэй байсан бол 2018 онд 22 хувь хүрч өсжээ. Орлогын түвшингээр нь авч үзвэл дундаас дээш орлоготой улсуудын эмэгтэй эзэмшигчтэй компанийн хувь хурдацтай өссөн болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаа харуулжээ. Мөн ОУВС-аас 2014 онд Монгол Улсад хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай хэмээн гарсан байна. Манай улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 2021 оны ААН-ийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын бизнес эрхлэгчдээс эмэгтэй захирал 38 хувийг эзэлж буйг харуулжээ. Эдийн засгийн салбараар харвал худалдааны салбарт хамгийн их буюу 44 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт есөн хувь, мэргэжлийн шинжлэх ухааны салбарт долоон хувь, хүний эрүүл мэндийн салбарт зургаан хувь нь эмэгтэй захиралтай байна.
МҮХАҮТ-ийн Бизнес итгэлийн индекс- 2021 судалгааны үр дүнгээс харвал эмэгтэй бизнес эрхлэгчдийн 19 хувь нь 2021 онд бизнесийн орчин сайн байсан гэж үзэж байгаа бол 46 хувь нь 2022 онд бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байна. Эдгээр үзүүлэлтүүд нь улсын дундаж үзүүлэлтээс дээгүүр дүн бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчид илүү өөдрөг хандлагатай байдаг байна.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлс эрчүүдийнхээс бага. Сүүлийн жилүүдэд зөрүү буурч байгаа ч эмэгтэйчүүд эрчүүдээс 20 хувиар бага хөдөлмөрийн хөлс авч байна. Монгол улсад 17 хувиар бага байна. Дэлхийн дунджаар сургууль төгсөөд 10 жил болсон, ахисан түвшний боловсролтой эмэгтэй ажиллагсад эрэгтэйн цалин, хөлсний орлогын 77 хувьтай тэнцэх цалин, хөлс авч байна. Монгол улс менежерүүдийн хувьд тус харьцаа 92 хувь, мэргэжилтний хувьд 80 хувь , худалдаа, үйлчилгээний ажилтнуудын хувьд 78 хувь байна.