Бээжин хотын төвийн тэнгэр багнадах их барилгуудын дунд Буддын нэгэн бяцхан сүм даруухнаар орших агаад түүнийг Дарма булгийн сүмийн Фаюаньси цогчин дуган хэмээнэ. Чухам тэнд ямар хурал хурж, хичнээн лам ажиллаж байдгийг хэн ч үл мэднэ. Бас сонирхох хүн цөөн. Гэтэл энд юу хадгалагддаг гэж та бодно. Энд алтаар үл хэмжигдэх үнэ цэнэ бүхий нэгэн судар бичиг хатуу хяналтын дор нууц байдалд хадгалагддаг аж.
Энэ бол эртний Буддын шашны толгой лам нарын маш ховор гэрээс бичиг юмс байна. Судрыг 15 мянган ширхэг чулуун хавтан дээр сийлэн үлдээснийг лам нар муутуу цаасанд буулгаж, улмаар ангилан номын сантай ижил болгон хадгалдаг аж. Судар 30 сая тэмдэг үсгээс бүтдэг. Хэдийгээр хэлбэр дүрс нь сайн хадгалагдсан ч орчин үеийн лам нар бүрэн хөврүүлж чадаагүй тул Хятадын Засгийн газар Германы Гейдельбергийн их сургуулийн профессор, Ази, Дорно дахины түүхийн урлагийн нэрт эрдэмтэн Лотар Леддерозег урьж судрын бичээсийг тайлсан байна.
1956 оны намрын сарын нэг өдөр Хятадын хөдөөгийн нэгэн тосгоны сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдүүд өвөрмөц хэлбэр дүрс бүхий, бас үл мэдэх бичиг үсэг бүхий хавтгай чулуу олж, түүнийгээ багшдаа үзүүлжээ. Багш чулууг учир мэдэх хүмүүст дамжуулж, тэр нь эртний бичиг үсэг тайлан судалдаг хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн гарт орсон байна. Ингээд бичээсийг тайлан унштал, өөр нэгэн сүмийн өмнөх бойпороос баруун тийш нэг алхам газар доорхи хонгилд 4500 чулуун судар хадгалаастай байгаа гэсэн байв. Ингэж XX зууныхан анх удаа газар доогуур аварга том чулуун номын сан хадгалагдан үлдсэнийг нээсэн гэдэг.
Бээжингээс 80 орчим километрийн зайд нэгэн сүм орших бөгөөд түүнийг Үүл эзэгнэгчийн сүм хэмээнэ. Нээрээ л үзүүр нь үргэлж мөнх үүлэн дунд сүүмэлзэх өндөр уулын бэлийг эмжих бяцхан горхины дэргэд сүм байрладаг аж. Сүмийн суурийг анх зургадугаар зуунд тавьсан гэх бөгөөд дэлхийн II дайны үеэр япончуудын бөмбөгдөлтөд өртөн бараг бүрмөсөн сүйрсэн гэлцдэг. Гэвч өнөөдөр сүмийн өмнөд дуганаас бусад нь сэргэн босч, ерөнхийдөө хууччуул л хүүрнэхгvй бол дайны хөлд нэрвэгдсэн гэх шинж тэмдэг огтхон ч үгүй болжээ. Уг сүмийн гол дуган азаар бөмбөгдөлтөд өртөөгүй үлдэж, өдгөө ч хуучны өнгө төрхөө хэвээр нь хадгалан үлджээ.
Дээр өгүүлсэн сургуулийн хашаанаас олдсон чулуун дээрх бичээсийг тайлан уншсаны дараа Хятадын эртний судлаачдын баг тун шуурхайлан уг номын санг хайх ажилд орсон бөгөөд нууц хонгилыг бичээст заасан газраас маш богино хугацаанд олсон байна. Сөөмийн ч зөрөөгүй заасан газраас гайхалтай нь 4500 биш 15000 орчим ширхэг чулуун судар гаргаж авчээ. Мөн тэдгээрийг зүгээр л чулуун хашаа барьж байгаа мэт дээр дээрээс нь давхарлан өрөөгүй. Хооронд нь зөөлөн шороогоор жийрэг хийж өгсөн байсан тул тэмдэг үсгүүд тод хадгалагдан үлдсэн аж.
Судлаачид чулуун судруудыг гарган тус бүрийг нь зургийн хальсанд буулган, хар бэх түрхэн дардсыг нь авч Бээжинд авчиржээ. Харин чулуун судрууд олон жилийн турш “Үүл эзэгнэгч” хэмээх бяцхан сүмийн хашаанд хэвтэж, сүсэгтэн олон сонирхож, нэг ёсны үзмэр болон хувирсан байна. Хэдэн жилийн дараа чулуун дээр сийлсэн үг үсэгнүүд нар, салхи, цас бороонд идэгдэн арилж эхэлсэн тул сүмийн лам нар төр, засагтаа хандаж, хуучин байранд нь оруулан, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий зоорин “номын санг” бүтээсэн аж.
Тэд юуны тулд үйлээ үзэн чулуун хавтанд 30 сая тэмдэг үсэг цохиж үлдээв?
Археологийн түүхэнд урьд өмнө ийм зүйл олдож, бас ийм аргаар шийдсэн явдал гарч байсангүй. Ялангуяа газар доороос ухаж гаргасан зүйлээ эргүүлэн байранд нь хийсэн тохиолдол үүнээс өөр гараагүй аж. Мөн хамгийн орчин үеийн арга технологи хэрэглэн ийм зоорин номын сан барьснаараа бас онцлогтой. Хана, шалыг нь ус үл нэвтрэх материалаар битүү хучиж, хаалга үүдийг нь агаар оруулахгүйгээр зохицуулж, чулуун судар бүрийн хооронд өндөр температурт шатаасан элсийг жижиг уутанд хийж тавьжээ. Мөн зоорио нитроген хэмээх өнгөгүй хийгээр дүүргэж, хэмжээ нь автоматаар зохицуулагдах тусгай төхөөрөмж байрлуулж, жуулчдад зориулж сум үл нэвтрэх шил бүхий 1х1-миллиметрийн хэмжээтэй хэд хэдэн цонх гаргасан байна.
Чулуун судар дээрх бичээс өдгөө орон орны олон эрдэмтдийн анхаарлыг зvй ёсоор татаж байгаа юм. Эртний буддын шашны эрхэм лам нар хойч үедээ чухам юуг эрхэмлэн захиж үлдээхийн тулд ийнхүү үйлээ үзэн 15 мянга шахам чулуун хавтанд 30 сая тэмдэг үсэг цохиж үлдээв ээ! Энэ асуулт өөрөө сонин байх нь аргагүй юм.
Ямартай ч Хятадын түүхийг судлахад хамгийн үнэтэй хувь нэмэр үзүүлэх болно гэдэгт эрдэмтэд огтхон ч эргэлзэхгүй байна. Учир нь энэ бичээс чулуун хавтан дээр амилж байх үед Буддын шашны хөгжил хамгийн оргил цэгтээ хүрч байсан бол энэ үед Европ, Ромын эзэнт гүрэн уналт, дайсагнагч үндэстнүүдийн нүүдэл зэргээс дөнгөж л сэхээ авч байсан аж.
Эртний лам нар чулуун сударт юуг тэмдэглэж, хойч үеийнхэндээ юуг захисан нь бага багаар ил болсоор байна. Тэнд Бурхан багшийн сургаалийг эхээр нь тайлбартайгаар тэмдэглэсэн төдийгvй сүсэгтэн олны мөрдөх ёстой олон арван зүйлийг маш нарийн заажээ. Энд хөндөөгvй сэдэв, ороогvй асуудал гэж бараг үгүй гэнэ. Наад зах нь л модыг хэрхэн тарих, хэзээ яаж огтлохоос гадна өлсгөлөн гуйланчлалын үүдийг зөвхөн эх болсон байгаль дэлхий нээх тул хүмүүн төрөлхтөн түүнийг хэрхэн хамгаалан хайрлаж тахин шүтэх зэргийг эмх цэгцтэй тэмдэглэн үлдээжээ.
Мөн эмнэлэг, эрүүл мэндийн талаар захиж сургасан зүйл, хүний ёс суртахууны асуудлууд, түүнийг хэрхэн мөрдөх, ер нь хүний өдрийн дэглэм ямар байх вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байдаг аж. Тухайлбал, усанд орсныхоо дараа хурц үнэр танар бүхий тосыг биедээ огт түрхэж болохгүй. Үдээс хойш хоол унд бүү ид, долоо хоногт заавал нэг өдрийг өлөн өнгөрөөж бай гэснээс гадна гайхалтай нь та хүнсэндээ махыг хэзээ ч бүү хэрэглэ гэсэн байдаг гэнэ.
“Ертөнц бөхөж, хүн төрөлхтөн мөхөхгүй”
Профессор Леддерозе сүмийн дэргэдэх хясаанд орших улаан гараараа ухсан гэх есөн агуйны тухай өгүүлсэн хэсгийг тайлан уншсан бөгөөд түүний зөвхөн нэгийг сонирхуулья. Залуу лам Чинванийн 600 онд дэлхий ертөнцийн ирээдүйг хэрхэн хамгаалах талаар өгүүлсэн бичээс 15 мянган ширхэг чулуун судрын эхний 147 хуудсыг бүрдүүлжээ.
Мөн уг агуйнаас очир алмаазаар чимэглэсэн мөнгөн хайрцаг гарчээ. Түүний таган дээр уг судрын эхний мөрийг сийлснээс гадна, агуйн баруун хананд залуу лам, “Ертөнц бөхөж, хүн төрөлхтөн мөхөхгүй” гэсэн хараал маягийн гэмээр үгийг маш томоор дурайлган бичсэн байжээ.
Энэ хараалыг тэр хэнд зориулав гэсэн асуулт дахиад л хөндөгдөнө. Магадгүй ирээдүй цагийн бидэнд ч зориулсан байж мэднэ. Учир нь газар доор хав дарагдаж асан чулуун судруудыг өнгөрсөн олон зуунд амьдарч асан хэн нэгэн биш энэ цаг үеийнхэн олсон. Бас тайлан уншсан. Бичээс хадгалагдсан агуйг хүн битгий хэл хамгийн орчин үеийн хүчит техник дийлэхээргүй асар том чулуунуудаар дарсан байв.
Хэнээс нуух гэж, хэнд зориулсандаа тэр үеийн лам нар хэрээсээ хэтэрсэн ажил хийв ээ. Леддерозе бичээсийг тайлж байхдаа долдугаар зууны нэгэн ламын “Ертөнцийн төгсгөлийг харах цөөхөн хүмүүсийн мэдэж байх ёстой үнэн оршвой” хэмээн бичиж үлдээсэн бичвэрийг олсон бөгөөд үүнийг ирээдүйг зөгнөсөн таамаглал гэж үзсэн байна.
Лам ийн зөгнөсөн байлаа. “Ертөнцийн төгсгөл ирэх цагт ой модыг улаан түймэр идэж, үржил шимт газар төдийгүй хот тосгодыг их усан эзлэх болно. Байгалийн гамшиг ертөнцийг мөхөөж, газар дэлхий амьгүй болно. Мал сүрэг олноороо үхэж, үзэгдэж, танигдаагvй өвчин зовлон хүмүүсийг нэрвэнэ. Энэ бүхнээс зөвхөн цөөхөн хүн амьд гарч хэн ч хүршгvй өндөр уулын агуйд Бурхан багшийн сургаалиар амьдрах болно” гэсэн байв.
Хамгийн сонирхолтой зүйл бол энэ юм. Өнөөдөр энэ бяцхан дэлхийд юу болоод байгаа билээ? Хаана л бол хаана үер усны аюул, өмнө нь гарч байгаагүй, эмчлэгддэггүй өвчин дэгдэж, хүн мал, ан амьтан, жигүүртэн шувууд олон зуугаараа үхэж үрэгдсээр…
Гэтэл чулуун сударт хүнсэндээ мах бүү хэрэглэ, долоо хоногийн нэг өдрийг заавал өлөн өнгөрөө гэсэн нь бий. Энэ нууцлаг үг нэгийг хэлээд байна биш үү. Хар ухаанаар бодоход хүн ямар нэгэн аюул ослоос амьд гарч, хоолны махаар дутах үедээ ямар нэгэн өвс ургамлаар хоол хийж идээд явахад өлсгөлөнгөөр үхчихгүй нь тодорхой.
Гэхдээ зөгнөлийн удиртгалд “Хүний мөс чанар газрын доогуур орж, муугийн үйлийг таригчид шоргоолжноос олон болон, хүйтэн сэтгэлтнvvд ертөнцийг эзэгнэх үед бурхан тэнгэр хилэгнэн хүмүүн төрөлхтнийг гэсгээх болно” гэсэн мөрүүд бичсэн байжээ. Мөн хэрхэн үер болон галын аюул нөмрөх тухай дурдсан байна.
Үүнээс гадна чулуун дээр үе дамжин үсэг ном сийлэх ажилд Хатан хаан У Цетянийн ач охин Алтан дагина асар их дэмжлэг үзүүлж байсныг дурджээ. Хятадад галав юүлэх үед хоргодох зориулалт бүхий эртний түүхтэй олон агуй хонгил байдаг ч тэдгээрийн дотор иймэрхүү маягийн үсэг бичигтэй агуй байдаггүй аж.
“Чулуун мөндөр буусан ч ариун судар хагарахгүй”
Эртний лам нар энэ бүгдийг яагаад заавал үйлээ үзэн чулуунд сийлж үлдээсэн юм бол. Тэр үед Хятадад энэ бүгдийг бичээд үлдээх цаас аль хэдийнэ бий болсон байсан шүү дээ. Энэ асуудал герман профессорын анхаарлын нэлээд татсан аж. Дундад зууны үеийн хятадуудын ахуй амьдралаас илүүтэйгээр чухам юуны учир бараг зургаан зууны турш энэхүү бичээсийг лам нар үе дамжуулан чулуун дээр буулгав гэдэг үнэхээр анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн.
Христийн сүмийн цуутай шинэчлэгч Мартин Лютер “маргааш ертөнц сөнөх байсан ч хүн төрөлхтөн өмнөх өдөр нь хоолоо иддэгээрээ идэж, газраа хагалдгаараа хагалж байгаад л дуусна” хэмээн айлдсан байдгийг санаж байгаа хүн олон байх. Харин Буддын шашны лам нар энэ асуудлыг огт өөр өнцгөөс харж, энэ асуудалд арай өөрөөр хандаж иржээ.
Тэд хорвоогийн амьдралын тухай сургаалиа хэн ч, юу ч үл хүрэх газар хадан агуйн буланд хэзээ ч, юунд ч устаж үл болох эд материал хэмээн үзсэн чулуунд бичиж үлдээсэн. Усанд автаж, түймэрт идэгдэхгүй байх бүх шалгуурыг чулуу давна гэдгийг сайтар бодож зохицуулсан мэт. Ертөнц мөхөх нь дамжиггүй гэдгийг чулуун бичээс илүү дутуугүйгээр өгүүлжээ. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй. Төдийд, өдийд гэсэн он, cap ч байхгүй аж.
Чулуун дээрх бичээст чулуун мөндөр буусан ч ариун судар хагарахгүй гэсэн өөр нэгэн мөр бий. Үүнийг эрдэмтэд дэлхий дээр асар олон тооны солир буусан ч уг агуй эдгээр бичээсийг найдвартай хамгаалан хойч үед хүргэнэ гэж тооцоолсон хэрэг байх хэмээн таамаглажээ. Ингэхэд үер ус, гал хөсний аюул дэгдэж, дэлхий ертөнц сөнөж мөхөх тухай мэдээлэл хэнд хэрэгтэй учраас ийнхүү бичиж үлдээв ээ. Хэн түүнийг унших ёстой байсан юм бол?
Д.ГАЛ