Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг энэ баасан гарагт эхлүүлнэ.
Үүнд зориулж энэ оны төсөвт 30 гаруй тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр ариутгах татуурга, цэвэр ус болон онгоцны буудлын урд байгаа 5 худгаас цэвэр усны шугам татах юм. Үерийн далангийн тодорхой ажлууд ч бэлэн болсныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.
Тэрбээр, “Ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгахаар ярьж байгаа. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтууд 10-15 жилээр үргэлжилнэ. Энэ хөндий дэх Шинэ зуун мод хотод 150 мянган хүн амьдрах боломжтой гэж төлөвлөсөн. Эхний ээлжинд 35 мянган хүн байх тус хотын ажлын зургийг хийсэн. Үүнийг хийхийн тулд усны нөөцөд тулгуурлан цэвэр усны шугам, цэвэрлэх байгууламжаа барьж, Сонсголонгоос цахилгааны шугам татна. Энэ мэтээр хувийн хэвшил, төр захиргааны байгууллагыг барих ажлыг үе шаттай хийнэ” хэмээв.
Хөшигийн хөндийд бий болох цэвэрлэх байгууламжийн эх үүсвэр, усан сан, шугам сүлжээ, дулаан цахилгааны эх үүсвэр, үерийн далан ус, хөрсний ус зэрэг дэд бүтцийн төлөвлөлтийн ажлын зураг хийгээд байгаа аж. Шинэ зуун мод хотын төлөвлөлтийн дагуу техникийн шийдэл төсвөө гарган эхний ээлжинд 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж ирсэн. Төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг хөшигийн хөндийд нүүлгэх талаар Засгийн газрын тогтоол эцэслэн албажсаныг Б.Мөнхбаатар дуулгалаа.